Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Вакцинд хамрагдах иргэдийг ямар цэгт, хэдэн цагт очихыг өрхийн эмнэлгээс нь мэдэгдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма болон ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Хувийн хэвшлүүдийн оруулж ирсэн вакцинаар иргэдийг дархлаажуулах ажил хэрхэн явагдаж байгаа бол. Одоогоор хувийн хэвшлийн хэчнээн компани вакцин оруулж ирэхээр ЭМЯ-нд хандаад байгаа вэ?

Б.Ууганбаяр: -Одоогоор "Монгол эм импекс" компани ОХУ-ын Спутник V вакциныг 10,000 тун оруулж ирсэн. Тухайн компани зохион байгуулалтаа хийгээд одоогоор "Интермед" эмнэлэг дээр дархлаажуулалтын ажлыг хийгээд явж буй.

Түүнээс гадна "Монос", "Ач үр" зэрэг компани коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх хүсэлтээ өгөөд үйлдвэрлэгчүүдтэйгээ яриа хэлэлцээрээ хийж байгаа.

Харин Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс тухайн аж ахуйн нэгжүүдэд холбогдох зөвшөөрлүүдийг өгөөд явж буй.

Хувийн хэвшлүүд ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн болон Монгол Улсын хүний эмийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн вакцинуудыг оруулж ирэх бөгөөд энэ ажил Дархлаажуулалтын тухайн хуулийн хүрээнд хийгдэнэ гэдгийг хэлье.

-Эрүүл мэндийн байгууллагад орны хүрэлцээ хэр байгаа вэ?

Б.Ууганбаяр: -ЭМЯ өвчтөнүүдийн орны хүрэлцээг нэмэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Мөн тусгаарлах байрны хүрэлцээнд тулгуурлан ойрын хавьтлуудыг гэрээр тусгаарлахаар болсон. Ингэхдээ мэдээж хүссэн хүн болгон нь гэрээр тусгаарлагдах боломжгүй гэдгийг хэлье.

-Өнөөдрөөс 60-64 насны ахмадуудыг вакцинд хамруулна гэсэн. Хаана вакцинд хамрагдах талаар байршлын тодорхой мэдээллийг өгнө үү?

О.Дашпагма: -Нийслэлийн хэмжээнд бид дөрөвдүгээр сард багтааж зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахаар төлөвлөсөн. Энэ долоо хоногт 60-64 насны иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг хийнэ.

Нийслэлд нөхцөл байдал хүнд байгаа тул нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтыг яаралтайгаар зохион байгуулах нэн шаардлагатай байгаа тул эхлээд нийслэлийн иргэдээ дархлаажуулна.

Хороо, дүүргийн иргэд дүүргийн ЭМ-ийн төвүүдэд тогтоосон дархлаажуулалтын цэгүүд болон эрүүл мэндийн байгууллагаас зарласан цэгүүдэд очиж вакцинд хамрагдах боломжтой.

Б.Ууганбаяр: -Ахмадуудыг хороо, дүүргийн өрхийн ЭМ-ийн төвөөр дамжуулан хаана, ямар цэгт, хэдэн цаг очихыг зохицуулж өгөх тул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө энэ мэдээллийг авах боломжтойг хэлье.

-Ахмад настнуудад вакцины сонголт бий юу. Ямар вакцин хийх вэ?

О.Дашпагма: -Монгол Улсад одоо хэрэглэгдэж байгаа вакцинууд нь хүний эмийн зөвлөлөөр орж, яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл бүхий вакцинууд хийгдэж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/772013473688226

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.