Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Вакцин хийлгэсэн хүмүүсийн 40%-д зааварт тусгагдсан урвалууд илэрч байна. Ноцтой урвал, хүндрэл бүртгэгдээгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дархлаажуулалтын ажлын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэл хотод ЭМ-ийн сайдын тушаалын дагуу дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлээд явж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 13, 14-нд 28,249 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 118,294 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувьд зааварт тусгагдсан урвалууд илэрч байна. Ноцтой урвал, хүндрэл бүртгэгдээгүй.

ЭМЯ-наас дархлаажуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн хангалтыг тогтмол хийж байгаа.

Өнөөдрийн байдлаар 40 цэгт эрүүл мэндийн 77 багийн 560 гаруй ажилтан дархлаажуулах ажиллагаанд оролцож байна. Өнөөдөр 15,573 хүнд вакцин хийхээр ажиллаж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, багш нар, үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах байгууллагын ажилтнууд болон 60-65 настнуудыг дархлаажуулна. 60-65 насныхныг дархлаажуулах ажил энэ долоо хоногоос эхэлж байгаа" гэдгийг хэлэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/772013473688226