Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг сонгогчдын 47 хувь, Байденыг сонгогчдын 10 хувь Covid-19 вакцинжуулалтад хамрагдахгүй гэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харвал ерөнхийлөгч асан Дональд Трампын дэмжигчдийн 47 хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах бодолгүй байна.

Харин одоогийн ерөнхийлөгч Жо Байдены сонгогчдын 10 хувь нь ийм хариулт өгсөн байна.

АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи өчигдөр NBC сувгийн “Meet the Press” хөтөлбөрт оролцохдоо Трампын дэмжигчдийн бараг тал хувь вакцинжуулалтыг эсэргүүцсэнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн дэмжигчдэд хандаж уриалга гаргахыг экс ерөнхийлөгчөөс хүссэн байна.

“Улс төрийн үзэл бодлоосоо шалтгаалан хүн амын томоохон хэсэг вакцинжуулалтыг эсэргүүцэж байгаад сэтгэл өвдөж байна. Тиймээс экс ерөнхийлөгч дэмжигчдээ уриалах хэрэгтэй байна” гэж Фаучи ярьжээ.

Дональд Трамп, түүний гэргий Меланиа нар нэгдүгээр сард Цагаан ордноос явахынхаа өмнө коронавирусийн эсрэг вакцин тариулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан албан мэдэгдэлдээ Трамп АНУ-д вакцинжуулалтын хөтөлбөр эхлүүлэхэд өөрийн байгуулсан гавьяаг магтаж байв.

“Хэрвээ би ерөнхийлөгч байгаагүй бол та бүхэн ойрын таван жилдээ вакцины бараа харахгүй байх байсан. Бүгд үүнийг санаж байгаа гэдэгт найдаж байна” гэж Трамп интернэтээр тараасан мэдэгдэлдээ бичжээ.

АНУ-д өнөөдрийн байдлаар 528,000 гаруй хүн коронавирусийн халдвараар нас барсан нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: Business Insider