Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ануударь: Би аз жаргалтай хүмүүстэй хамтрах дуртай

ikon.mn
2021 оны 3 сарын 15
Сурталчилгаа

RE/MAX BEST оффисын брокер эзэмшигч, RE/MAX Mongolia –н Бизнес хөгжлийн захирал, АНУ-д төвтэй National Association of realtors /NAR/-ны Монгол дахь албан ёсны төлөөлөгч Үл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн Боловсролын зөвлөлийн Зөвлөх Э.Ануударьтай ярилцлаа. Тэрбээр дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын топ брэнд RE/MAX-ийн франчайзыг Монголд оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, RE/MAX Mongolia Бүсийн хамгийн анхны оффисын үүдийг нээсэн нэгэн.

-Хотын гудамжинд цэнхэр, улаан өнгийн агаарын бөмбөлөгтэй хаягтай олон таардаг. Энэ бөмбөлгийг АНУ-аас авчрах төсөлд таныг ажилласан гэж сонссон. Эндээс яриагаа эхэлье.

-Би RE/MAX Mongolia -д 2015 онд анх захиргааны ажилтнаар орж байлаа. Өөрөөр хэлбэл RE/MAX-ийн франчайзыг анх Монголд оруулж ирэх төсөл дээр ажиллаж байсан багийн нэг гишүүн. Энэ хугацаанд Лас-Вегаст болдог, дэлхийн бүх RE/MAX-чууд чуулдаг R4 гэдэг арга хэмжээнд оролцсон. Үүний дараа АНУ-ын Денвер хотод байрладаг RE/MAX LLC оффист очиж сургалтад хамрагдсан юм. Тэгэхэд л надад “Би бизнес эрхлэгчдэд боломжийг олгодог хүн байж болох юм байна” гэсэн сэдэл төрсөн. Ингээд буцаж ирээд тодорхой шалгуурыг даваад RE/MAX MONGOLIA Бүсийн хамгийн анхны оффисын брокер эзэмшигч болж байлаа.  Надад итгэл хүлээлгэсэн учир өөртөө ч мөн өндөр хариуцлага үүрч ажиллахыг хичээдэг дээ.

 

-АНУ-д төвтэй RE/MAX LLC оффисоос Мастер франчайз авахаар “Монгол Улсаас явж байна” гээд очиход хэрхэн хүлээж авч байв? Тэд манай улсын зах зээлийн багтаамжийг хэрхэн төсөөлсөн бол?

-RE/MAX-ийн хурал цуглаан, туршлага солилцох арга хэмжээ олон улс оронд болно. Очоод Монгол гэхээр хаана байдгийг мэддэггүй. Яг үнэндээ ойшоодоггүй. Гэтэл бидэнд “Монголын зах зээлийг дэлхийд гаргана” гэсэн маш том мөрөөдөл байдаг. Тэгэхээр хурал, цуглаан алгасахгүйг хичээж “Монгол гэж ийм улс байдаг. Энэ улс RE/MAX-т нэгдсэн, бид ингэж ажиллаж байгаа” гэдгийг Энэтхэг, Сингапур, Солонгос, Япон, АНУ гээд очсон улс орон бүртээ ярьж, таниулж явлаа. Хэдий RE/MAX Монголд орж ирээд зургаан жил болж байгаа ч Азийн шилдэг бүсээр гурван удаа шагнуулсан. Ингэснээр манай улсыг, үл хөдлөхийн зах зээлийг сонирхох хандлага улам нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оноос бусад улс орон Монголоос туршлага судлах хүсэлт ирүүлдэг боллоо. Энэ бол бидний хамтдаа хөдөлмөрлөдөг бизнесийн соёлын маань ач тус. Тэгэхээр бид нэн түрүүнд очсон газар бүртээ  Монгол улсынхаа тухай ярьж, хэлж, таниулж явахыг, амжилт хөдөлмөрөөрөө улсынхаа нэрийг гаргахыг хичээн ажиллаж байна. Хэн ч мэдэхгүй газарт, хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ.

-Франчайз эрхээ авчихлаа. Хэрхэн нутагшуулав?

-Хүмүүсээс хөгжилтэй асуултууд ирдэг байлаа. “Риймийкс” гэж юу вэ гэнэ. Ануудариа, агаарын бөмбөлөг чинь хэд вэ? гэж утасдана /инээв.сур/. Мөн стандартын дагуу “Худалдана, түрээслүүлнэ” гэсэн бичигтэй агентийн зурагтай зарлал өлгөхөөр агентууд руу маань “Танилцъя” гээд утасдах тохиолдол бишгүй. Тухайн үед дөнгөж эхэлж байсан учраас бидэнд туршлага байгаагүй. Дотоод сүлжээнд дата бааз, зах зээлд худалдан авагч байсангүй. Тэгэхээр эхний гурван жилийн турш энэ брэндийг нутагшуулахад хүндрэлтэй цаг үе байсан. Одоо бол бидний дотоод сүлжээнд маш олон төрлийн үл хөдлөхийн мэдээлэл байна. Дэлгүүрээр яривал найман нэрийн бараатай болчихлоо. Бөмбөлөгтэй хаягийг хараад “Өө RE/MAX, үл хөдлөх хөрөнгийн компани” гээд мэддэг болсон. Мэргэжлийн агентуудад хандсанаар найдвартай үйлчилгээ авна гэдгээ мэддэг болчихлоо. Анх эхэлж байхад уламжлалт арга барилаар буюу менежментээр удирдах гээд л үзээд байдаг байсан. Яваандаа систем нь өөрөө манлайллаар удирддаг болж таарсан. Өөрөөр хэлбэл цалин өгдөг захирал, авдаг ажилтнууд биш бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах цоо шинэ бизнесийн модуль гэдгийг сайн ойлгосон.

 

-Манлайллаар удирддаг гэж хэллээ. Та багаа хэрхэн манлайлж байна вэ?

-Би үйлчилгээний салбарт олон жил ажилласан, хүнтэй харилцах ажилд их дуртай. REMAX-аас өмнө би 60 гаруй хүн удирддаг байлаа. Тэр ажил маань шатласан бүтэцтэй учраас ажил үүргийн хуваарийн дагуу ажиллана. Харин одоо RE/MAX BEST оффисын агентуудтай би хамтран ажиллах гэрээтэй. Манай оффис анх дөрвөн агенттай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоогооор 24 агенттай ажиллаж байна. Зургаан жилийн хугацаанд 24 агент гэдэг цөөн санагдаж магад. RE/MAX хүн бүрт тохирсон бизнесийн модуль биш. Хүмүүс үл хөдлөх хөрөнгийн салбарыг амархан мөнгө олох боломжтой гэж ойлгоод орж ирэх тохиолдол байдаг. Зарим нь хийгээд үзье гээд орж ирнэ. Миний хувьд эерэг хандлагатай, энэ салбарт ажиллах хүсэл эрмэлзэлтэй хүн хайдаг. Энэ хоёр байхад бусдыг сургаад авчихаж болдог. Тэгэхээр би зургаан жилийн турш тоо биш чанарт анхаарлаа хандуулж ирсэн. Энэ хүмүүс миний бизнесийн хамтрагчид. Тэгэхээр  захирал гээд загнаад эсвэл та нарын бизнес гээд хаяж болохгүй. Хэрвээ RE/MAX -д нэгдсэн бол бүгд л ашигтай, амжилттай ажиллах ёстой. Брокер эзэмшигч гэдэг бизнес эрхлэгчдэд боломж л олгодог хүн. Ер нь миний ойлгож байгаагаар хийж буй бизнестээ дуртай олон хүмүүс бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжиж,  хамтдаа мөрөөдөж, үнэт зүйл, ёс зүй, хандлага, мэдлэг чадвараараа бие биенээ нөхөж, хэн нэгний асуудал багийн асуудал байж, нэгнээ урамшуулж, бүгд хамтдаа амжилтад дөтлөхийг манлайлал гээд байгаа юм болов уу. Ийм зүйл хийх ёстой гэж шаардахаас илүү хувь хүнийг нь түлхүү хөгжүүлж, бусдадаа эерэгээр нөлөөлж чаддаг үлгэр жишээ бизнес хамтрагч нь байхыг хүсдэг дээ. Би захирал гээд ганцаараа шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Яагаад гэвэл миний шийдвэр энэ олон хүний бизнест нөлөөлөх учраас бид үргэлж ярилцдаг, биенээ дэмждэг. Манайх RE/MAX MONGOLIA бүсийн хамгийн анхны оффис. Тэр утгаараа нэрээ хүртэл бодож байж өгч байлаа. Өөрөөр хэлбэл хэн ч уншихад ойлгомжтой, утга нь ч тэр. Энд ажиллаж байгаа агентууд оффисынхоо нэрэнд дүйцэхүйц байгаасай гэж хүсдэг. Мөн манай оффис 2017 онд Монгол Улсаас хамгийн анх олон улсын шагнал авч “Азийн бүсийн хамгийн бүтээмжтэй оффис” болж байлаа. Манайх арилжааны үл хөдлөх хөрөнгө буюу оффис үйлчилгээний талбай, газрын худалдаа дээр түлхүү ажиллаж байна.

-Аливаа ажлын зар харахад хандлага, багаар ажиллах чадварыг чухалчлах болжээ. Энэ чадвар RE/MAX-ийн аль ч агентад байх шиг санагддаг. Энэ байгууллагын соёлтой хамаатай байх?

-Одоо үед боловсрол гэдэг зүйлээс илүү хандлага маш чухал болсон. Би ажилдаа дуртай, аз жаргалтай хүмүүстэй хамтрах дуртай. Миний харж буйгаар агентийг үүрэг даалгавар төвтэй, хүн төвтэй гэж хоёр ангилдаг. Үүрэг даалгавар төвтэй гэдэг нь хийх ёстойгоо л хийдэг буюу хийж буй бизнесийнхээ үйл явцад л анхаарал хандуулдаг. Хүн төвтэй гэдэг нь би энэ хүнд яаж туслах вэ, хайгаад байгаа үл хөдлөх хөрөнгийг нь хэрхэн нийцүүлж олж өгөх вэ, үүний төлөө би хамгийн сайнаараа юу хийж чадах вэ гэдэг хандлагыг хэлээд байгаа юм. Дэлгүүрт ороод юм авахад худалдагч муухай ааштай байвал бид дахиад тийшээ орохгүй шүү дээ. Тэгэхээр ажлаа хийж байгаа хүнд хандлага маш чухал. Тиймээс би агентууддаа хэцүү байсан ч хувь хүний зан байдал, хувийн хандлага бүү гаргаарай гэж захидаг. Ер нь хувь хүний хөгжил талын сургалтуудыг түлхүү ордог.

-Хувь хүний хөгжил ч бас орчин цагт топ сэдэв болоод байгаа.

-Миний бодлоор хувь хүний хөгжил гэдэг харилцаа, бүтээмжтэй ажиллах, ажил, амьдралын балансаа зохицуулах ур чадвар гэж хардаг. Би зургаан жилийн хугацаанд 10 гаруй улсад очиж 20 гаруй сургалт, семинарт оролцож туршлага судалсан байна. Зарим олон улсын хурал чуулганд панелистаар оролцож байсан. Явах бүртээ маш олон брокер эзэмшигч, агент, бүсийн эзэмшигчидтэй уулзана. Тэндээс сурсан мэдсэн зүйлсээ, харилцаа хандлагыг хүртэл ирээд агентууддаа мэдээлэл хэлбэрээр түгээж, хөгжүүлэхийг эрмэлздэг. Агент маш олон өөр зан ааштай хүнтэй харилцаж байгаа. Тэгэхээр өөр өөр зан ааштай хүнд тааруулж харилцах, сэтгэлзүйг нь ч мэдрэх хэрэгтэй болно. Хүн бүрт тааруулж, таатай харилцаа үүсгэж чадаж байж агент амжилттай ажилладаг. Мөн өдөр болгон дуудлага хийнэ, маш олон хүнтэй уулзана. Тэгэхээр ажил амьдралын баланс гэдэг энэ ажилд маш чухал.  Ер нь “хөгжсөн” хүн л бизнес хийдэг гэж үздэг.

 

-Том зургаараа таны бизнес Монгол Улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна вэ?

-Би гэр бүлийн хүнийхээ хамт маш зоригтой эхэлж байлаа. Энэ зориг маань араасаа маш олон оффис нээхэд түлхэц болсон юм уу гэж хувьдаа боддог. Энэ оффисуудтайгаа хамтарч ажиллаад өнгөрсөн жилд гэхэд RE/MAX Mongolia 430 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Би гэхээсээ илүүтэй бид хамтраад энэ зах зээл дээр маш их боломж байгааг нээж өгсөн юм болов уу. Мөн 48 жилийн турш хөгжсөн франчайз компанийн нөү хауг ашиглаад агентуудаа бизнес талаас болон хувь хүн талаас нь хөгжүүлээд байгаа л гэж харж байна. Том зургаараа гэвэл улсад тогтвортойгоор татвараа төлж яваа татвар төлөгч, дэлхийн түвшинд бэлтггэгдсэн бизнес эрхлэгчдийг төрүүлэхийг эрмэлзэгч.  

-Танд старт ап эхлүүлэх зориг хэрхэн төрөв? Аливаа бизнесийг эхлүүлэхэд зориг бас зорилгодоо хүрэх итгэл чухал биз?

-Би хамгийн анх 2005 онд бизнес эхлүүлээд жил хүрэхгүй хугацаанд дампуурч байсан. Эндээс би Монголд ганцаараа бизнес эрхлэх хэцүү юм байна. Хоёрдугаарт өөрөө хувь хүнийхээ хувьд “болоогүй” байж бизнес эхэлж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед би жаахан ч байж. Тэр явдал надад маш том нөлөө үзүүлсэн. Түүнээс хойш би арав гаруй жил өөрийгөө бэлдлээ, маш олон захирлуудад ажиллаж тэднээс олон зүйлийг сурсан. Ингээд 2014 оны сүүлээр шинэ бизнес эхлүүлэх талаар бодож эхэлсэн. Судлаад үзсэн чинь франчайз бизнес надад их таалагдсан. Франчайз гэхээр хүмүүс гадны компани гэж ойлгоод байдаг. Үнэндээ олон жил дэлхийд үйл ажиллагаа явуулсан компанийн нөү хау, бэлэн туршлагыг бид авна. Брэнд нэр ашигласныхаа төлбөрийг төлнө. Хүний юм ашиглаж байгаа учраас энэ төлбөрийг төлөх нь зүй ёсны хэрэг. Нэг брэнд үүсгэхэд надаас 50 жил шаардагдахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр олон жил хөгжчихсөн брэндийн нэр дор нэгдсэнээр маш хурдтай хөгжих боломжтой юм байна гэдгийг харсан.  Монголоос  тааруу эдийн засагтай улсад хүртэл RE/MAX амжилттай явж байна. Тиймээс миний ард 48 жилийн мэдлэг, туршлага, сургалт хөгжүүлэлт, бодит дэмжлэг байна, мөн миний худалдаж болох хамгийн өндөр дүнтэй бүтээгдэхүүн энэ зах зээлд л байна гэж зориглосон доо. Өөрийгөө сорих дуртай, эрсдэл үүрэхээс айдаггүй зан чанар минь надад маш том боломжийг нээж өгсөн гэж хэлж болно.

 

-Амжилттай бизнес эрхлэхэд мөнгө, хандлага, тууштай байдал...Аль нь чухал вэ?

- “Энэ салбарт их мөнгөтэй нь биш. Ухаалаг ажилласан нь амжилт олно”. Ухаалаг гэдэг нь юу хийж байгаагаа мэддэг, цагаа зөв зохицуулдаг, юунд хүрэх гээд байгаагаа төлөвлөдөг, түүнийхээ дагуу өөрийгөө шахаж ажилладаг, хөрвөх чадвар буюу маш мэдрэмжтэй ажиллахыг хэлэх гэсэн санаа. Өөрөөр хэлбэл “бизнестээ оршиж чаддаг” хүн амжилттай ажиллана гэсэн үг. Би агентуудаасаа бүтэн цагаар ажиллахыг шаарддаг. Хамгийн багадаа өдөрт найман цаг ажиллаж байж бизнес амжилттай явна. Хүмүүс 50 хувийн хичээл зүтгэл гаргачихаад 50 хувийн үр дүн хүлээгээд байдаг. Эндээс хоёулаа Дархан орохоор гараад замынхаа дунд очоод зогсчихвол үр дүн нь тэг. Явсан уу явсан, очсон уу очоогүй. Буцах гэтэл эхлэх цэгээсээ холдчихсон. Үүнийг л хэлээд байгаа юм. Тэгэхээр амжилттай буюу үр дүнтэй ажиллахын тулд өөрийгөө 100% дайчилж төлөвлөгөөтэй эхлэх хэрэгтэй. Бизнесээ өдөрт эрт эхлүүлэх ёстой, өглөө ажилдаа заавал ирэх хэрэгтэй. Бусдаас суралцаад хурдтай өсч дэвжих хэрэгтэй. Хүн төвтэй бизнес л амжилтад хүрдэг.

-Та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

-Анх эхэлж байхдаа зах зээлийн болоод боломжоо судалдаг байлаа. Бизнес эхлэхэд гэрээгээ сайжруулахаас эхлээд бичиг цаасны ажил их, хажуугаар нь агентуудаа сургах, ямар стратеги баримталж ажиллаж зах зээлдээ танигдах вэ гэх мэт их л завгүй байсан. Одоо бол оффисын үйл ажиллагаа тогтворжоод, олон жил ажиллаж байгаа агентууд маань  зөвлөөд аваад явчихдаг учраас миний хувьд ментор талдаа л ажиллаж байна. Энэ оффисоо удирдахаас гадна RE/MAX-ийн бизнес хөгжлийн захирал хийдэг. Өөрийнхөө оффисоос гадна дахиад дөрвөн оффист зөвлөх байдлаар ажилладаг гэсэн үг. Би агентуудынхаа гүйлгээнд буюу деталь гардаж хийх ажлуудад нь огт оролцдоггүй. Ихэнхдээ л зөвлөнө. Би анхнаасаа л ангаахай бэлтгэхийг хүсээгүй. Хүн өөрөө хийх ёстойгоо өөрөө хийж байж амжилтад хүрнэ. Цаг хугацааны хувьд удаан  байсан ч гэсэн бүтээмжтэй агентууд бэлтгэхийг анхнаасаа л хичээсэн. Ер нь намайг байсан байгаагүй циклээрээ эргэж байх бизнестэй болохыг мөрөөддөг байлаа, биеллээ ч олсон.

 

-Та RE/MAX-ийг оруулж ирэх төслөөс эхэлсэн. Харин өнөөдөр Монгол бүс 50 гаруй оффистой болжээ. RE/MAX орж ирэхээс өмнө ба дараах үл хөдлөхийн зах зээлийг харьцуулбал?

-Төсөл 2014 оны сүүлээс эхэлсэн. Би 2015 оны эхээр орж ажилласан юм. Бид 48 жил хөгжсөн дэлхийн брэндийг Монгол Улсад нутагшуулахад нэлээдгүй шалгууртай тулгарсан. Тухайлбал маш их эсэргүүцэлтэй тулж байлаа. Хүмүүс гадны компани, гадагшаа мөнгө урсгалаа гэх байдлаар хардаг байсан. Угтаа энд дандаа Монгол компаниуд франчайз нэр ашиглах эрхийг авч үйл ажиллагаа явуулж, Монгол хүмүүс энд ажиллаж татвараа төлж байна. Бид маш олон оронд амжилттайгаар туршигдсан бизнесийн модуль, мэдээллийн бааз, нөү хау-г Монголд нутагшуулж, үйлчилгээ гэдэг зүйлийг олон улсын жишигт хүргэхийг зорьсон. RE/MAX орж ирэхээс өмнө энэ зах зээлд үйл ажиллагаа явуулаад удсан маш олон жилийн туршлагатай компаниуд байсан, одоо ч бий. Энэ компаниуд “ченж” гэх сэтгэлгээг халж Монголын үл хөдлөхийн зах зээлд маш том хувь нэмэр оруулсан гэж би хардаг. Харин RE/MAX орж ирснээр Монгол Улсын зах зээлийг дэлхийд гаргах боломж нээгдсэн гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бид дэлхийн соёлоос суралцаад, дэлхийн жишигт хөгжөөд, хамтран ажиллаж хурдтай хөгжих замаар Дэлхийд танигдах боломж нээгдсэн.  

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.