Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн товчоодоос гадна байдаг дүүргийн иргэд иргэний үнэмлэх, ААН-ийн албан хаагчид ажлын үнэмлэх, байгууллагын гэрчилгээг үзүүлээд нэвтэрнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотыг гамшгийн үеийн улбар шар түвшинд шилжүүллээ. Ингэснээр хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож байгаа юм.

Харин авто тээврийн товчоодоос гадна байрших Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нийслэл рүү нэвтрүүлэх Хотын даргын захирамж гарчээ.

Захирамжид халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэхийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл халдвар бүртгэгдсэн байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь.

Мөн Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд бүрэн хязгаарлахаар захирамжилжээ.

Дараах үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл хязгаарлалтад орохгүй:

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээ
  2. Буяны үйлчилгээ
  3. Шөнийн нислэг
  4. Инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгсэл.



Коронавируст халдвар /Ковид-19/-ын 

цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар

авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай


 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“в”, 29.1.6.”ж”, “л”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 20, 21 дүгээр тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 07, 08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн халдварын тархалтын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагаас 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

1.1.Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, зах худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах, ажиллах өдөр, цагийн хуваарьт зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

1.2.Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллах;

1.3.Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж хэрэгжилтийг хангах;

1.4.Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх;

1.5. Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад) тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПГУ шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПГУ шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах;

2.Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтад иргэдийг хамруулах хуваарь төлөвлөгөөг нарийвчлан гаргах, сайн дурын ажилтны оролцоог ханган цэгийн тоог нэмэгдүүлж, иргэд, олон нийтэд мэдээлж үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөсүгэй.

4.Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд мэдээлж, сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингист даалгасугай.

6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2021 оны А/108 дугаар захирамжийн 4 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                ЗАХИРАГЧ                                                Д.СУМЪЯАБАЗАР