Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул, Баянзүрх дүүрэгт дархлаажуулалтад ажиллаж буй эмч нарт илүү цагийн хөлс олгоогүй байгааг шийдвэрлэх үүрэг өгөв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нартай 2021 оны гуравдугаар сарын 14-нд цахимаар уулзав.

Уулзалтаар вакцинжуулалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдлөө. Тухайлбал зарим дүүрэг эмч нарын ачааллыг тэнцвэржүүлж, сэлгэн ажиллуулах хэлбэрээр эмчийг амраах цаг гаргаж өгч байна. Мөн зарим дүүрэг эмч нарын илүү цагийн хөлсийг яамнаас шийдсэн дор нь хуваарилж, эмч нарын гарт өгчээ. Иймээс сайн ажиллаж буй дүүргийн удирдлагын ажлаас бусад нь суралцаж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхаарууллаа.

COVID-19 өвчний хүрээнд зохион байгуулагдсан өмнөх арга хэмжээнд оролцсон Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын илүү цагийн мөнгийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд тушаал гарган Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн. Гэтэл зарим дүүрэг нь 2021 оны хоёрдугаар сарын 28-нд эмч нартаа илүү цагийн хөлсийг шилжүүлсэн байна. Нэг хэсэг нь гуравдугаар сарын 5-н гэхэд илүү цагийн ажлын хөлсийг эмч нарын дансанд шилжүүлжээ.

Харин Хан-Уул, Баянзүрх дүүргийн хувьд эмч нарт илүү цагийн хөлсийг олгоогүй байна. Баянзүрх дүүргийн хэд хэдэн вакцинжуулалтын цэгээр ороход эмч нар илүү цагийн мөнгөө авч чадаагүй гэдгээ хэлж, шийдэж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг нэн яаралтай буюу 2021 оны гуравдугаар сарын 15-н гэхэд шийдвэрлэх чиглэлийг Баянзүрх болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нарт Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.

Өдөрт 15 мянга орчим иргэнийг вакцинжуулах ажлыг хийж буй. Энэ үед эмч нарын ачааллыг анхаарч зохион байгуулалтаа хийхийг эмнэлгийн удирдлагуудад зөвлөв. Цаашид хоёр дахь тунг хийж эхлэх үед вакцинд өдөрт хамруулах хүний тоо нэмэгдэнэ. Иймээс ачаалал өсөх учраас хаана хаанаа анхааралттай байж, алдаа гаргахгүй, зохион байгуулалтаа маш сайн хийж ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхааруулж, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг чиглэл болгосон юм.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам