Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймагт коронавирусийн халдвар авсан 16 иргэний ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Шадар сайдын мэдээлэл

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  С.Амарсайхан Төв аймагт ажиллаж,  цар тахлын үeд аймаг орон нутгийн Онцгой комиссоос  хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгав. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагаас  370,000 толгой мал бусад аймгаас отроор өвөлжиж байна. Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс тэжээлийг малчдад хүргэжээ. Хаврын тариалалт 3,000 тонн тарианы үр, 5,000 тонн тэжээлийн үр шаардлагатай байгаа тооцоолол гарсан байна. 

Цар тахлын нөхцөл байдлын хувьд Төв аймагт  гуравдугаар сарын 6-ны өдөр коронавирусийн халдвар батлагдсанаас хойш өчигдрийг/2020.03.14/  хүртэл хугацаанд 16 хүн халдвараар өвчилжээ. Халдвар авсан иргэдийн ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хувьд аймгийн төвийн иргэд учир Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-нэг шинжилгээ"- арга хэмжээг зохион байгууж, ойрын хавьтлыг илрүүлж  бүрэн  хөл хорио тогтоосон талаар Аймгийн онцгой комисс мэдээллээ.

Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг, орон нутаг руу дамжин явдаг  учраас аймгийн төвд PCR шинжилгээний лаборатори байгуулах, вакцинжуулалтын ажлыг даруй эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Шадар сайдад уламжиллаа.

Шадар сайдын мэдээлэл
Шадар сайдын мэдээлэл

Ковидын цар тахлыг хумих  халдварын эрсдлийг бууруулах арга хэмжээнд Улсын онцгой комисс шаардлагатай бүх зүйлээр дэмжиж ажиллана гэдгийг Шадар сайд онцолж хэлээд, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг сайн зохион байгуулж байгааг сайшаав.

Бүх аймгийг шинжилгээний төвтэй болгох ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгаас иргэдийг зөөвөрлөхгүйгээр бүс нутагт нь эмчлэх оношлох нөхцлийг бүрдүүлнэ. Төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг эрчимжүүлсэн учраас  эмнэлгийн ажилчид албан хаагчдыг сургалтад хамруулах, мэдээлэл зөвөлгөө өгөх зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангахыг  Шадар сайд С.Амарсайхан даалгалаа. 

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Төв аймагт ажиллах үеэрээ халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өгөв. 

Уулзалтад УИХ-н гишүүн Ж.Батжаргал,  Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан, аймгийн Онцгой комиссын гишүүд оролцов.

 

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл