Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарт өчигдөр 39 хүн алагдаж, Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд халдлагад өртжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Мьянмар даяар нийт 39 хүн алагдсанаар цэргийн дэглэм тогтсоноос хойших хамгийн их цус асгаруулсан өдөр болжээ.

Тус улсын хуучин нийслэл Янгоны зах дахь аж үйлдвэрийн дүүрэгт Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд рүү тэмцэгчид халдаж, гал тавьсан байна. Энэ үеэр цагдаа нар 22 тэмцэгчийн амийг хөнөөжээ. Мьянмарын бусад хэсгүүдэд өчигдөр 16 тэмцэгч алагдаж, нэг цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн байна. Цагдаа нараас хоёр дахь хүн амиа алдсан нь энэ юм.

Хоёрдугаар сарын 1-нд цэргийн эрхтнүүд Мьянмарт төрийн эргэлт хийснээс хойш алагдсан энгийн иргэдийн тоо нийтдээ 126 хүрснийг хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.

Өчигдөр Мьянмар дахь Хятад улсын элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, өөрийн өмч хөрөнгө, мэргэжилтнүүдийг хамгаалахыг цэргийн дэглэмээс шаардсан байна.

“Бүх төрлийн хүчирхийллийг зогсоох үр дүнтэй арга хэмжээ авч, Мьянмар дахь Хятадын компаниудын өмч хөрөнгө, ажилчдын аюулгүй байдлыг хангах, гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохыг Хятад улс Мьянмараас шаардаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Хятад улс өнөөдөр Мьянмарын цэргийн дэглэмийн гол өмгөөлөгч болоод байгаа юм. Өрнөдийн орнууд Мьянмарын төрийн эрхийг иргэний засгийн газарт шилжүүлэхийг шаардаж, төрөл бүрийн хориг арга хэмжээ авч байна. Харин Хятад, Орос улсууд төрийн эргэлтийг Мьянмарын дотоод асуудал гэж үзэж байгаа.

 

Эх сурвалж: Reuters