Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчилтөрөгчгүйгээс болж Covid-19 өвчтөнүүд нас барсны дараа Йорданы эрүүл мэндийн сайд огцров

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Ойрх Дорнодын Йордан улсын нэгэн эмнэлэгт амьсгалын аппаратад ороод байсан долоон Covid-19 өвчтөн хүчилтөрөгчийн хангамж тасалдсаны улмаас нас баржээ.

Хүчилтөрөгчийн тасалдал 40 минутын хугацаанд үргэлжилсний дараа эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын газрын албан хаагчид бусад эмнэлгүүдээс нөөц хүчилтөрөгч зөөвөрлөн авчирсан байна.

Нийслэл Амман хотоос хойд зүгт 20 км зайтай оршдог Салт хотын эмнэлэгт энэ хэрэг гарсан юм.

Эмнэлгийн гадна өвчтөнүүдийн ар гэрийнхэн болох 150 орчим хүн цугларч, тэднийг дотогш нэвтрүүлэхгүйн тулд цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргажээ.

Энэ явдлаас хэдхэн цагийн дараа Йорданы хаан хоёрдугаар Абдулла эмнэлэгт өөрийн биеэр ирж, бухимдсан иргэдийг тайвшруулсан байна.

Йорданы эрүүл мэндийн сайд албан тушаалаасаа огцорч, Салт хотын эмнэлгийн дарга ажлаасаа халагджээ.

Хүчилтөрөгчийн хангамж тасалдсан хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг байгуулснаа Йорданы ерөнхий сайд Бишер Аль Хасавнех мэдэгдсэн байна.

10 сая хүн амтай Йордан улсад цар тахал эхэлсэн цагаас хойш коронавирусийн халдварын 465,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 5,200 гаруй хүн нас баржээ.

Коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотой өнгөрсөн сараас эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байгаа. Тус улсын засгийн газар нэгдүгээр сарын дундаас вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн ч вакцины олдоц хүрэлцээ муу байгаагаас удаашралтай байна.

Баасан гарагт тус улс COVAX хөтөлбөрийн хүрээнд 144,000 тун AstraZeneca вакцин хүлээж авчээ. COVAX-ын хоёр дахь хэсэг вакцин дөрөвдүгээр сард ирэх төлөвтэй байна.

Саяхан Европын Холбоо вакцин худалдаж авахад нь зориулж Йорданд 8 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Associated Press