Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах ёстой хүн амын 12%-ийг дархлаажуулах хэмжээнийхийг хүлээн авчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын үйл явц болон дараа нь илрэх урвалын талаарх зөвлөгөө, мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө.



Манай улс 2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Вакцинжуулалтыг Улаанбаатар хотод зорилтот бүлгийн хүн амын дунд зохион байгуулж байна.

Гуравдугаар сарын 12-ны байдлаар 44 цэгт 97 баг 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж өдөрт 16,548 хүнийг вакцинжуулалтад хамруулсан бөгөөд нийт 84,017 хүн Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн байна. Монгол Улс вакцинд хамрагдах ёстой хүн амын 12%-ийг дархлаажуулах вакциныг хүлээж авсан. Ковидтой тэмцэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон бусад алба хаагчдыг вакцинд хамруулж байна.

COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа бие арзайх, толгой өвдөх шинж тэмдэг удаан үргэлжилбэл эмчид хандахыг зөвлөв

Халдвараар өвдөөд хүндрэх эрсдэлтэй 60-64 насныхныг ирэх долоо хоногт дархлаажуулна. Энэ долоо хоногт хөдөлгөөнт буюу олон хүнд үйлчилж буй худалдаа үйлчилгээний газрынхныг дархлаажуулж байна.

Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатарын хэмжээнд 44 цэгт 97 багийн 680 орчим эмч, мэргэжилтэн ажиллаж, дээрх зорилтот бүлгийн хүмүүсийг дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн вакцины дараах урвал, хүндрэлийг тогтмол хянаж байна. Эдгээр хүмүүсийн 44.8%-д нь халуурах урвал илэрч байна. Нийт хамрагдсан хүний 48.8%-д вакцины зааварт тусгагдсан урвалууд илэрч байна.

Вакцин хийлгэсний дараа бие арзайх, толгой өвдөх, томуугийн шинж тэмдэг шиг шинж тэмдэг илрээд 2-3 хоног үргэлжлээд өөрөө арилна. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд удаан үргэлжилбэл эмчид хандаж шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Вакцины эхний тунг хийлгэсэн иргэд тайвшрах болоогүй. 2 дахь тунд хамрагдсанаас хойш хамгийн багадаа хойш 7-14 хоногийн дараа дархлаа тогтох учраас энэ хүртэл халдвар хамгааллын дэглэмээ зайлшгүй мөрдөхийг зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.