Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Катюша” дууны аяыг төрийн дууллын оронд эгшиглүүлэх Оросын саналд татгалзсан хариу өгчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Тамирчдынхаа дунд сэргээш хэрэглэх явдлыг дэмжиж, лабораторийн шинжилгээний хариуг засварласан шалтгаанаар ОХУ-ын олимпын үндэсний хороо шийтгэл хүлээгээд байгаа билээ.

Шийтгэлийн дагуу тус улсын баг тамирчид Токио 2020, Бээжин 2022 өвөл, зуны олимпын наадмуудад оролцохдоо өөрийн орны туг далбаа, төрийн дууллыг ашиглах эрхгүй болсон юм.

ОХУ-д оноосон хоригийн хугацааг эхлээд дөрвөн жилээр төлөвлөж байсан ч Олон Улсын Спортын Арбитрийн Шүүх сүүлд хоёр жил болгож богиносгож байв.

Энэ оны нэгдүгээр сард Оросын олимпын үндэсний хорооны дэргэдэх тамирчдын зөвлөл шагналын тавцанд гарахдаа төрийн дууллын оронд алдарт “Катюша” дууны аяыг эгшиглүүлэх санал гаргасан юм.

Уг саналд Олон Улсын Спортын Арбитрийн Шүүх татгалзсан хариу өгснийг Insidethegames спортын портал сайт өчигдөр мэдээлжээ.

Хориг нь зөвхөн ОХУ-ын төрийн дууллаар хязгаарлагдахгүй, Оростой холбоотой өөр ямар ч дуу хөгжимд үйлчилж байгааг Арбитрийн шүүх тайлбарласан байна.

“Катюша” нь дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улс даяар алдаршсан эх оронч агуулгатай дуу юм. 

Олимпын наадмын үеэр уралдаан тэмцээн болж буй газар, танхимд эгшиглүүлэх дуу хөгжмийн саналыг ОХУ-ын талаас гаргаж, Спортын Арбитрийн Шүүхээс хориглоогүй тохиолдолд Олон Улсын Олимпын Хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар батлах ёстой ажээ.

Эх сурвалж: ТАСС