Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Миннеаполис хотын захиргаа цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флоидын гэр бүлд $27 саяыг төлөхөөр тохиролцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт болсон шүүх хурлын үеэр цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флоидын гэр бүлд Миннеаполис хотын захиргаа $27 саяыг төлөх тохиролцоонд хүрчээ.

2020 оны тавдугаар сарын 25-ны орой африк гаралтай, 46 настай Флоид хуурамч $20-ын дэвсгэртээр дэлгүүрээс тамхи худалдаж авсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байв.

Энэ үеэр цагаан арьст цагдаагийн офицер Дерэк Шовин хохирогчийг газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь есөн минутын турш өвдөглөсөн нь хүмүүсийн дунд тарсан видео бичлэгнээс ил болсон юм.

Ингэж тамлуулсан Флоид тэр дороо амьсгал хурааж, Америкийн түүхэнд ховор тохиолдох арьс өнгөний үзлийн эсрэг томоохон тэмцэл орон даяар эхэлж байжээ.

Флоидын гэр бүлийн өмгөөлөгч Бенжамин Крамп хотын захиргаатай байгуулсан тохиролцоог АНУ-ын түүхэнд бусдын буруугаас болж амиа алдсан хэрэгт оноосон хамгийн том нөхөн төлбөр болохыг мэдэгдсэн байна.

Мөн хар арьст хүмүүсийн амь нас ямар үнэ цэнэтэйг, тэдэнтэй хуулиас гадуур харьцаж болохгүйг сануулсан чухал ач холбогдолтой шийдвэр болохыг тэр хэлжээ.

Флоидын гэр бүлийнхэн тохиролцоонд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна.

Хүн амины хэрэгт буруутгагдсан Шовины шүүх хурал энэ долоо хоногт эхэлсэн юм. Тэрбээр өөрийгөө цагдаагийн авах ёстой арга хэмжээг журмын дагуу хэрэгжүүлсэн тул буруугүй гэж мэдүүлж байгаа.

Өнгөрсөн онд Жорж Флоидын гэр бүл, хамаатнууд Шовин болон түүнтэй хамт байсан гурван цагдаагийн албан хаагч, Миннеаполис хотын захиргааг шүүхэд өгч байжээ. Цагдаа нар Флоидыг баривчлахдаа үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг нь зөрчсөн гэх гомдлыг тэд гаргаж байв.

“Өнөөдрийн тохиролцоо нь биднийг арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэх шийдвэр төгс байгааг харуулж байна” гэж мэдэгдсэн Миннеаполис хотын захирагч Жэкоб Фрэй цагдаагийн байгууллагаа шинэчлэх амлалт өгсөн байна.

 

Эх сурвалж: Reuters