Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: AstraZeneca бол “төгс вакцин”, түдгэлзүүлэх шалтгаан алга

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Европын зарим улсууд AstraZeneca вакциныг цусны бүлэгнэл үүсгэж, хүний амь насанд эрсдэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоогоод байгаа билээ.

Пүрэв гарагт Дани, Норвеги, Исланд улсууд уг вакцины хэрэглээг түдгэлзүүлсэн бол Баасан гарагт Болгар, Тайланд улсууд бас нэмэгджээ.

Итали, Австри зэрэг улсууд AstraZeneca вакцины сүүлд хүлээж авсан багцыг дархлаажуулалтад ашиглахыг түр хориглоод байна.

Тэгвэл өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага цусны бүлэгнэл болон вакцинжуулалт хоорондоо холбоотойг баталсан баримт олдоогүйг мэдэгджээ. ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис уг вакциныг “төгс вакцин” гэж тодорхойлоод улс орнуудад дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахыг зөвлөсөн байна.

Сүүлийн байдлаар Европ даяар нийт 5 сая гаруй хүн AstraZeneca вакциныг тариулаад байгаа ба тэдгээрийн дотор цусны бүлэгнэлийн (thromboembolic events) 30 орчим тохиолдол л бүртгэгдсэнийг ДЭМБ мэдэгджээ.

Өмнө нь Европын Холбооны анагаах ухааны зохицуулах байгууллага EMA (European Medicine Agency) бас вакцинжуулалт, цусны бүлэгнэлийн тохиолдлууд хоорондоо хамааралгүйг мэдэгдэж байв.

Их Британи улс 11 сая гаруй иргэнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулснаас хүний амь нас эрсэдсэн, цусны бүлэгнэл үүсгэсэн ганц ч тохиолдол бүртгэгдээгүйг мэдэгджээ.

Уг вакциныг хүн амын дархлаажуулалтдаа ашиглаж байгаа Герман улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан “Өнөөдрийг хүртэл бидэнд мэдэгдэж байгаагаар бол уг вакцины ач холбогдол нь учруулж болзошгүй эрсдлээсээ хавьгүй илүү” гэж ярьсан байна.

Баасан гарагт Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрлийг ДЭМБ олгожээ.

 

Эх сурвалж: BBC