Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монгол ноолуурыг бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс ялгах брэнд бий болгохыг зөвлөлөө

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Элчин сайдын яамнаас USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн санхүүжилттэй Монгол Улсын ноолуурын салбарын иж бүрэн судалгааны
талаар хэлэлцээр өрнүүллээ.

USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн дэмжлэгтэйгээр хийсэн энэхүү судалгаа нь брэндийн нэр хүндийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлын стандартыг бий болгох, дотоодын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг зөвлөсөн юм. 

Дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 40 орчим хувийг Монгол Улс бүрдүүлдэг бөгөөд дийлэнхийг нь буюу 94 хувийг түүхийгээр нь болон анхан шатны боловсруулалт хийгдсэн хэлбэрээр экспортлогддог.

Бусад улс орнуудын хувьд ноолуурыг экспортлохоос нь өмнө самнаж, угааж, будаж, ээрч, оёж, эцсийн бүтээгдэхүүн болгон иргэддээ ажлын байр гарган нэмүү өртөг шингээж ашиг хүртэж байгаа. 

Ийнхүү ноолуурыг бусад улс оронд боловсруулснаар монгол гэсэн шошго дор чанаргүй ноолуурыг өндөр чанарын монгол ноолууртай холих боломжтой болгож буйг судалгааг танилцуулах үеэр хэлсэн юм. 

Судалгааны үр дүнд хэрэглэгчид монгол ноолуурыг бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс ялгах боломжийг олгодог онцлог шинж чанартай брэнд бий болгохыг зөвлөж, өвөрмөц байдал, мөн урт хугацааны байгаль орчны болон арилжааны тогтвортой байдлын ялгааг гаргаж өгчээ. Энэ нь мал маллахад ​​байгаль орчинд үзүүлэх үр нөлөө, малчдын амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, ноолуур самнах ёс зүйт арга туршлага, хөдөлмөрийн шударга стандарт зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр гэдгийг тодотгосон. 

Түүнчлэн судалгааны явцад ноолуур нь ёс зүйн хэм хэмжээг хангаж буй гэсэн дохиог хэрэглэгчдэд өгөх баталгаажуулалтын механизмын хамт эдгээр стандартыг мөрдүүлэх системийг бий болгох асуудлыг судалсан байна. 

Мөн дотооддоо боловсруулах байгууламж (самнах, ээрэх, оёх үйл ажиллагааг) өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөлөө. 

"Элчин сайдын яамны тэргүүлэх зорилтуудын нэг нь Монгол Улс ноолуурын салбараа өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх явдал"

Судалгааг танилцуулах цахим уулзалтад АНУ-ын Элчин сайд Майкл Клечески оролцохдоо “Элчин сайдын яамны тэргүүлэх зорилтуудын нэг нь Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхэд нь туслах явдал бөгөөд тэр дундаа ноолуурын салбарыг өргөжүүлэхэд туслалцаа үзүүлэх нь энэхүү стратегийн чухал хэсэг юм. Цаашид энэ салбарыг хөгжүүлэх нь малчнаас экспортлогч хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүх оролцогчдыг учир утга бүхий, тогтвортой орлоготой болгох явдал” хэмээв. 

Өнөөдрийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Монголын ноос, ноолуурын холбооны албаны хүмүүс болон салбарын 80 гаруй төлөөлөгчид оролцов.