Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 8 хоногийн дотор 500-аар нэмэгдэж, 3,000-ыг давлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хүн амын дунд коронавирусийн халдвар анх 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш дотоодын халдварын тохиолдол 3,000-ыг давлаа.

Нийт дөрвөн сар гаруйн хугацаанд бүртгэгдэж буй COVID-19-ийн 2,000 гаруй тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолж үзлээ.

Ингэхэд, эхний 500 тохиолдол 40 хоногийн хугацаанд бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар дотоодын халдварын тохиолдол 12 хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 1,500-2,000 болсныг бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өчигдрийн байдлаар /2021.03.11/ дотоодын халдварын тохиолдол ердөө найман хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 2,500-3,000-д хүрсэн байна.

Хэрэв 1,000-аар багцалж үзвэл,

  • Эхний 1,000 тохиолдол 67 хоногт,
  • Хоёр дахь 1,000 тохиолдол 34 хоногт,
  • Гурав дахь 1,000 тохиолдол ердөө 20 хоногийн хугацаанд бүртгэгджээ. Энэ нь халдвар маш эрчимтэй тархаж байгааг харуулж байна.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдол 2,000-д хүрч байсан бол түүнээс хойш 11 хоногт халдварын тохиолдол дахин 600 орчмоор нэмэгдэж, 2,687 болжээ.

Дотоодын халдвар 500-аар нэмэгдсэн хугацааг тооцож үзвэл,

  • Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар нийт 500/
  • Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар нийт 1,000/
  • Гурав дахь 500 тохиолдол  22 өдөрт /дотоодын халдвар нийт 1,500/
  • Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,000/
  • Тав дахь 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,500/
  • Зургаа дахь 500 тохиолдол 8 өдөрт /дотоодын халдвар нийт 3,000/ болсон байна.

Хэдийгээр манай улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт эрчимжиж, өчигдрийн байдлаар 68,000 гаруй хүн хамрагдаад байгаа ч Улаанбаатар хотод хүн амын дунд халдвар өргөн тархсан тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдөр мэдээлсэн билээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй бөгөөд 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байгаа" хэмээн онцолсон юм.

COVID-19 халдвартай холбоотой тоон болон бусад мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй харах боломжтой.