Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Аймаг, орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт ТАВДУГААР сараас эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд өчигдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардуулж өгөв.

Бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд энэ үеэр онцлоод, КОВИД-ын цар тахалтай тэмцэх ажилд Засаг дарга нарын ажлын хариуцлага, хяналт  хурд, мэдрэмж дутагдаж байна хэмээлээ.

Халдвартай нь тогтоогдсон хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна

Тэрбээр “Бүх зүйлийг Засгийн газарт, Улсын Онцгой комисст даатгаад суудаг байж таарахгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал буюу аймаг, хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг орон нутгийн удирдлагууд нөхцөл байдал, эрсдэлээ зөв тооцож, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гарган, шаардлагатай зохицуулалтыг хийхийг үүрэг болгож байна” гэв.

Аймаг орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт 5 дугаар сараас эхэлнэ. Иймд орон нутаг дахь түргэн оношлуур, PCR шинжилгээний төхөөрөмжийн хүрэлцээ, нөөц бололцоогоо тодорхойлж, нэн шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засаг дарга нарт даалгажээ.