Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эрчимжиж өнөөдөр 19:00 цагийн байдлаар 19,620 иргэнийг дархлаажуулжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

"Гуравдугаар сарын 11-ний энэ өдөр 19:00 цагийн байдлаар 19,620 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдлаа. Худалдаа үйлчилгээний салбарын болон боловсролын төрийн, төрийн бус/хувийн/ байгууллагын багш, ажилчид вакцинд хамрагдаж байна. Ингэснээр улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 68,000 орчим иргэн вакцин тариулаад байна" хэмээн УОК-ын гишүүн Ц.Ганзориг мэдээллээ.

Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34,615 багш, ажилтныг 2-3 хоногийн хугацаанд дархлаажуулалтад хамруулж дуусгах юм байна.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагч гээд нийт 17,819 иргэнийг вакцинд хамруулжээ.

ЭМЯ-наас энэ долоо хоногт багтаж 75,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн тухай мэдээлж байна.

Төлөвлөгөөний дагуу маргааш 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн 9 дүүрэгт  44 цэгт  97 багын  699 ажилтан нийт 17,825 иргэнийг вакцинжуулалтад хамруулна.

 

Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.