Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын даргын сонгуульд өрсөлдөх дөрвөн хүн үнэмлэхээ гардаж, нэг нь тодорхойгүй үлдэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Даваахүүгийн Пүрэвдаваа фэйсбүүк хуудсаас авав

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын дөрвөн хүнд олгов.

Харин тэднээс гадна нэр дэвшихээ илэрхийлэн, хандив цуглуулж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсангүй. Түүнийг намын даргын сунгаанаас нэрээ татсан гэдэг мэдээлэл байсан ч тэрбээр албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ тухай тайлбар хийжээ.

Тэрбээр “АН-ын даргад өрсөлдөх зорилгоосоо ухраагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Би нэрээ татах хүсэлт хаана ч гаргаагүй. Харин намын дотоод сонгуулийн хороонд хууль зөрчиж байгаа талаар нь захиа бичлээ.

Энэ захианд дотоод сонгуулийн хорооноос даргын сонгуулийн товыг зарлахдаа сурталчилгааг хэзээнээс эхлэхийг давхар зарладаг. Гэтэл дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын гарын үсэгтэй тогтоол дээр гуравдугаар сарын 11-н гэсэн он сар огт байгаагүй. Өнөөдрийн он сар байхгүй, нэр дэвшигч надад огт мэдэгдэлгүйгээр зарим хүмүүст сонгуулийн сурталчилгааг нээж өгч, илт давуу байдал олгож байгааг эсэргүүцэж байна.

Мөн И.Мөнхжаргалын гарын үсэгтэй, надад ирүүлсэн албан бичиг дээрх тамганы асуудал ээдрээтэй байна. Тэр тамганууд нь 2021 оны хоёрдугаар сарын 11-нд “Өдрийн сонин”-д хүчингүйд тооцов гэж зарлагдсан.

Гуравдугаарт, хүчингүйд тооцсон тамгыг ашиглаад Хас банканд данс нээлгэсэн. Тэр дансандаа 93 сая төгрөгийг авна гэсэн. Хүчингүй болсон тамга ашиглаж байгаа данс руу мөнгөө шилжүүлж болох эсэхийг лавлахад өнөөдрийн байдлаар банкнаас хариу ирээгүй байна.

Ингэж хөндлөнгийн мэдээллийг авч байж, шударга сонгуульд оролцох учраас дотоод сонгуулийн хорооны зохион байгуулж буй үйл ажиллагааг буруушааж байна.

Албан ёсоор хэлэхэд би нэрээ татаагүй” хэмээн ярилцлага өгсөн байна.