Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал жуулчлалын салбараа аврахын тулд Австралийн засгийн газар дотоод нислэгийн үнийг 50 хувиар бууруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Австралийн засгийн газар цар тахлын улмаас санхүүгийн гүн хямралд орсон аялал жуулчлалын салбараа аврах шинэ хөтөлбөрийг өнөөдөр зарлажээ.

Тус улсын аялал жуулчлалын арав гаруй чиглэлд дотоодын нислэгийн үнийг хоёр дахин буулгаж, зөрүүг нь засгийн газар төлөхөөр болсон байна.

Уг хөтөлбөрт нийт 1.2 тэрбум австрали доллар ($930 сая) зарцуулах бөгөөд энэ оны дөрвөөс долдугаар сарын хооронд дээрх чиглэлүүдэд үйлдэгдэх нислэгүүдийн 800,000 ширхэг тийзийг ингэж хямдруулахаар болжээ.

Австралийн аялал жуулчлалын салбар гадаад зах зээлийн эрэлт дээр тулгуурладаг. Гэвч сүүлийн нэг жил гаруй хугацаанд хил хаалттай байсан нь уг салбарт том цохилт болсон байна.

“Аялал жуулчлалын салбарынхныг ажилтай байлгахын тулд бид онгоцнуудыг нисгэж, хүмүүсийг зорчуулах ёстой” гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр Сидней хотын нисэх буудалд сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Сөрөг хүчнийхэн уг хөтөлбөрийг зөвхөн агаарын тээврийн компаниудыг харж үзсэн, бусад салбарынханд шууд тусламж дэмжлэг болохгүй арга хэмжээ гэж шүүмжилж байна.

Цар тахлыг хязгаарлаж чадсан Австрали улсын эрх баригчид одоо эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдийг авч эхэлж байгаа юм.

Тус улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дотоодод дамжсан халдварын ганц ч тохиолдол илрээгүй байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад халдварын 29,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 909 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: BBC