Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрх баригчид Твиттер сүлжээг хязгаарлахдаа Кремлийн сайтыг санамсаргүй хаачихжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Image: Getty Images

Лхагва гарагт ОХУ-ын эрх баригчид Твиттер сошиал сүлжээг хязгаарлах арга хэмжээ авсан нь санаанд оромгүй үр дүнд хүргэж, өөрийнх нь засгийн газрын хэд хэдэн сайт руу хандах боломжгүй болгожээ.

Хориотой агуулга бүхий материалуудыг устгах шаардлагыг нь хүлээж аваагүй тул Оросын засгийн газар өчигдөр тус улсаас Твиттер сүлжээ рүү орох хурдыг удаашруулж, хязгаарласан байна.

Энэ нь тус сүлжээнд нийтлэгдсэн видео, фото агуулгуудыг үзэхэд хэцүү болгох зорилготой байжээ.

“Мэдээллийг хааж боох нь сайн арга биш. Гэхдээ зарим компаниудыг манай хуулийн дагуу ажиллуулахын тулд ингэхээс өөр аргагүй байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбарлаж байв.

2019 онд батлагдсан хуулийн дагуу Орос улс дотоод интернэт сүлжээгээ шаардлагатай тохиолдолд гадаад ертөнцөөс тусгаарлаж чаддаг байх ёстой. Энэ арга хэмжээ нь уг хуулийн хэрэгжилтийг шалгах нэг боломж байлаа.

Гэтэл Твиттерт хязгаарлалт тавьсантай зэрэгцэн Кремлийн kremlin.ru тэргүүтэй засгийн газрын хэд хэдэн сайт руу Оросын иргэд хандах боломжгүй болсон байна.

Үүний шалтгааныг мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарлажээ.

Оросын эрх баригчид Твиттер сүлжээнд нийтлэгдсэн видео, фото агуулгуудыг харагдахгүй болгохын тулд тус компанийн t.co богиносгосон интернэт хаягийг хаасан юм байна. Ийм хаягтай серверт Твиттер сүлжээний аудио, видео агуулгууд байрладаг гэнэ.

Харин хаалт тавихдаа хэт энгийн арга хэрэглэж, хаягт нь “t.co” текст орсон сайт бүрийг хаасан нь алдаа болсон байна. Үүний үр дүнд Microsof[t.c]om зэрэг сайтууд ч бас хаагджээ.

Үүнтэй ижил төстэй шалтгаанаар kremlin.ru тэргүүтэй ОХУ-ын засгийн газрын сайтууд бас хаагдсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

ОХУ-ын засгийн газар сайтуудад нь гарсан алдаа Твиттерийн эсрэг авсан арга хэмжээтэй ямар ч холбоогүй гэж тайлбарлажээ.

Харин Оросын зарим мэргэжилтнүүд энэ хоёр үзэгдэл хоорондоо холбоотой гэдэгт эргэлзэхгүй байгаагаа зарим хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Business Insider