Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон Танзанийн ерөнхийлөгч Covid-19 өвчин тусаад хөрш улсдаа эмчлүүлж байсан нь илэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Танзани улсын 61 настай ерөнхийлөгч Жон Магуфули сүүлийн хоёр долоо хоногийн турш олны нүдэнд ил гараагүй юм.

Олон нийтийн арга хэмжээнүүдэд байнга оролцож, долоо хоногт хэд хэдэн удаа телевизээр ярьдаг түүний хувьд энэ нь маш ховор үзэгдэл байв. Танзанийн иргэдийн дунд ерөнхийлөгч хаана юу хийж байгаа тухай янз бүрийм сэжиг, таамаг гарсан ч дарангуйлагч дэглэмийн дарамт шахалтаас болгоомжилсон хүмүүс ил ярьж чадахгүй байжээ.

Тэгвэл Жон Магуфулиг коронавирусийн халдвар аваад хөрш Кени улсын эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай тус улсын өдөр тутмын сонинд өчигдөр мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийн ойрын албаны эх сурвалжаас олж авсан мэдээллээр түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Магуфули хүн амынх нь дунд коронавирусийн халдвар өргөн тархсныг байнга үгүйсгэж, вакциныг маш аюултай зүйл мэтээр ухуулж, ярьдаг байжээ. 

Тэрбээр Covid-19 өвчнөө эдгээхийн тулд сүмд мөргөж, уламжлалт анагаах ухааныг ашиглахыг ард иргэддээ зөвлөдөг байв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон удаа шаардсан ч Танзани улс өнгөрсөн оны тавдугаар сараас хойш цар тахлын статистик мэдээллээ өгөхгүй байгаа.

Хамгийн сүүлд энэ улсад халдварын 509 тохиолдол бүртгэгдсэн гэхээс өөр ямар ч тоо баримт байхгүй байгаа юм.

Магуфулигийн дэглэм коронавирусийн тухай ярихыг засгийн газрынхаа бүх албан хаагчдад хоригложээ.

Өнгөрсөн долоо хоногт Танзанийн католик сүм хийдүүдийн захиргаа сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 60 гэлэнмаа, 25 санваартан коронавирусийн халдвар авсны улмаас нас барсныг мэдээлээд цар тахалтай тэмцэхэд анхаарал хандуулахыг засгийн газраасаа шаардаж байлаа.

Танзанийн хамгийн том хот Дар-эс-Салаамын оршуулгын газар ачааллаа дийлэхгүй байгааг  эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian