Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд хүйсээр ялгаварлах үзлийг хамгийн тод илэрхийлсэн Японы улс төрчөөр парламентын эмэгтэй гишүүн тодорчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хүйсээр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилготой NOASEPS (No to All Sexist Public Speeches) байгууллага олон нийтийн төлөөлөл болох 6,031 хүнээр 2020 онд Японы улстөрчдийн хэлсэн хамгийн “муухай” үгийг сонгуулах санал асуулга явуулж, дүнгээ гаргасан байна.

Сонирхолтой нь 2020 оны “аварга”-аар эрх баригч Либерал Ардчилсан Намыг парламентын доод танхимд төлөөлдөг эмэгтэй гишүүн Мио Сүгита тодорчээ.

Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард намынхаа гишүүдтэй уулзахдаа эмэгтэйчүүд бэлгийн дарамт, халдлагад эрчүүдийг буруутгахдаа ихэвчлэн худлаа зохиож ярьдаг гэж хэлсэн юм байна.

Түүний хэлсэн үг 1,995 хүний саналаар хүйсээр ялгаварласан агуулгатай 2020 оны хамгийн алдартай үг болжээ.

Хоёрдугаар байранд эмэгтэйчүүдийг хэтэрхий их ярьдаг гэж шүүмжлээд албан тушаалаасаа огцорсон Токио 2020 наадмыг зохион байгуулах хорооны дарга, ерөнхий сайд асан Ёширо Мори орсон байна. Тэрбээр нийт 1,216 хүний санал авчээ.

Мио Сүгита нь 2019 оны ижил санал асуулгаар дэд байранд орж байсан юм. Тухайн үед тэр LGBT бүлгийн хүмүүс хүүхэд гаргадаггүй тул Япон үндэстэнд “ашиггүй" гэж хэлээд бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахад төсвөөс мөнгө хөрөнгө зарцуулахыг эсэргүүцэж байжээ.

Тухайн үед Сүгитаг ялж, тэргүүн байранд орсон улс төрч нь задгай ярьдагаараа алдартай Япон улсын сангийн сайд Асо Таро байв.

Тэрбээр өөрийн яамны өндөр албан тушаалтныг бэлгийн дарамт үзүүлсэнд буруутгасан эмэгтэй сэтгүүлчийг “хэрвээ таалагдаагүй бол орхиод явж болох байсан шүү дээ” гэж шүүмжлээд буруудаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian