Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Цоохор ирвэсний түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэнд 3 жил хорих болон 52 сая төгрөгөөр торгох ял оноожээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсний түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар цоохор ирвэс нь нэн ховор амьтны ангилалд багтдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Иргэн А нь гэртээ 2 цоохор ирвэсний түүхий эд болох арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалж байжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Мөн прокурорын саналын дагуу экологид учирсан 52,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.