Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Өнөөдрөөс гурван төрлийн вакцин хийж эхэлж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-аас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд коронавирусийн эсрэг вакцины асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Манай ажлын хэсгийн гишүүд ХӨСҮТ, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг зэрэг дархлаажуулалт хийж байгаа газруудад очиж ажлыгн явцтай танилцлаа.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гааль болон зорилтот бүлгийн хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 30,100 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Биднийг ажиглалт хийгээд явж байхад зөвхөн нэг төрлийн буюу АстраЗенека вакциныг хийж байсан.

Шинэ төрлийн вакциныг анх удаа хийсэн учраас эхний хоёр долоо хоногийн хугацаанд УОК-оос болгоомжтой хандаж, тандалт хийн, удаашралтай байсан. Харин энэ долоо хоногоос вакцинжуулалтыг илүү шуурхай болгож байгаа.

Вакцин хийсний дараа 10 хүн тутмын нэгд тарилга хийсэн хэсэгт эмзэглэлтэй, өвдөх, улайх, загатнах, хавагнах, хөхрөх, бие сульдах, ядрах, чичрүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх , дотор муухайрах, үе мөч, булчингаар өвдөх зэрэг хариу урвал тохиолдож байна.

Мөн 10 хүн тутмын нэгд тарилга хийсэн газарт хатуурах, хоолой өвдөх, нусгайрах, ханиад томууны шинж тэмдэг илэрсэн байна.

100 хүн тутмын нэгд толгой эргэх, хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, тунгалагийн булчирхай томрох, хэт хөлрөх, арьс загатнах, тууралт гарах зэрэг нийтлэг бус шинж тэмдэг илэрсэн байна. Хариу урвал илэрч байна гэдэг нь дархлааны систем ажиллаж эхэлж байгааг харуулж байгаа шинж тэмдэг юм. Харин гурав хоногоос дээш халуурсан тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ажлын хэсгээс гаргаж байгаа саналуудыг танилцуулъя. Үүнд:

  • Цахим дархлаажуулалтын пасспортыг нэвтрүүлэх,
  • Вакцины захиалга, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох,
  • Иргэдэд олон төрлийн вакциныг сонгож хийх боломж олгох,
  • Нэг хүнд үйлчилж байгаа 40-50 минутын хугацааг багасгах,
  • Илүү зай багтаамжтай орчин дархлаажуулалтыг явуулах зэрэг санал гаргалаа.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Вакцин хийснээс хойш 40-өөд хоногийн дараа дархлаа сайн үүсэж байгаа учраас түүнээс наана халдвар авах, вакцины чанар муу гэдэг асуудал үүсэх вий гэдгийг анхааруулж байна. Тиймээс дархлаажуулалтын үр дүнг сайжруулах зорилгоор 21:00 цагаас хойш олон нийтийн газруудыг ажиллуулахгүй байх зэрэг асуудлаар УОК-ын даргатай уулзана. Халдварын хурдыг бууруулах зорилгоор арга хэмжээ авах шаардлагатай байна. Гэхдээ бүтэн хөл хорио биш гэдэг тал дээр саналаа хэлнэ.

Дархлаа тогттол хугацаа шаардлагатай тул тайвширч болохгүй гэдгийг иргэддээ анхаарууъя.

Мөн өнөөдрөөс вакцины төрлүүдийг нэмэгдүүлсэн байна. Хувийн хэвшлийн “Интермед” эмнэлэгт ОХУ-ын Спутник V вакциныг хийж эхэллээ. Түүнчлэн БНХАУ-ын Синофарм вакциныг хийж эхэлсэн. Ингэснээр гурван төрлийн вакцин хийж эхэлсэн байна" гэв. 

Ажлын хэсгээс дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хувийн эмнэлгүүд вакциныг ямар үнээр хийж байгаа вэ. Мэдээлэл байна уу. ДЭМБ бүртгэж авсны дараа Спутник V вакциныг хийнэ гэсэн ойлголт байсан?

-Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдтай уулзана.

Засгийн газраас барьж байгаа бодлого бол хувийн хэвшлүүд ашиг олох зорилгоор биш нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаасай гэсэн байр суурьтай байгаа. Бид Шадар сайд болон ЭМ-ийн сайдтай уулзахдаа энэ асуудлыг хөндөнө.

Дархлаажуулалтын хуульд олон улсын байгууллагаар баталгаажсан, эсвэл хатуу нөхцөлтэйгээр эм бүртгэдэг оронд бүргүүлсэн байвал ашиглаж болно гэж заасан байдаг.

-БНЭУ-аас авсан 150 мянган тун АстраЗенека вакциныг хоёр тунгаар 75 мянган хүнд хийх үү, эсвэл бүх тунг хэрэглээд дараагийн ирэх вакцинаас хоёр дахь тунг хийх үү?

-Дараагийн захиалга хийгдсэн байгаа учраас хоёр дахь тунг хадгалахгүйгээр 150 мянган тунг бүгдийг нь хийхээр шийдсэн гэдэг мэдээллийг бидэнд өгсөн.

-Иргэд вакцинд хамрагдах сонирхол хэр байна вэ. Судалгаа хийсэн үү?

-Нийгмийн сүлжээний судалгаа хийсэн байна. Үүнээс харахад иргэдийн 50-иас их хувь нь вакцин хийлгэх шаардлагатай гэдгийг ойлгож байна. Мөн боловсрол өндөр байх тусам вакцин хийх сонирхол өндөр байгаа нь харагдаж байгаа. 

Аль нэгийг сонгохоос илүү хурдан хугацаанд хийлгэх нь чухал гэж үзэж байгаа нь харагдсан.