Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"AstraZeneca вакциныг хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд хийж болно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцинжуулалт яагаад төлөвлөгөөний дагуу явахгүй байна вэ?

-Бид вакцинжуулалтын төлөвлөгөөг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж зохион байгуулж байна.

Энэ долоо хоногт үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх ажил үүрэг бүхий алба хаагчид, тэр дундаа битүү зах, худалдааны төвийн ажилчдыг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Улаанбаатарын томоохон зах, худалдааны төвүүд байдаг дүүргүүдийн цэгт хүчин чадлыг өргөтгөх ажлыг хийж байна. Өдөрт 10,000-15,000 хүнийг вакцинжуулах төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Дархлаажуулалтад хамрагдаж байгаа иргэд вакцинаа өөрсдөө сонгох боломж байгаа юу?

-Одоогоор зорилтот бүлгийн иргэдэд эрэмбэлэлтийнхээ дагуу вакцинжуулж байна. Иргэдийг гурван үе шаттай вакцинжуулахаар төлөвлөсөн.

Эхний шатанд, нийт хүн амын 10 хүртэлх хувийг дархлаажуулахаар вакцины хангамж хүртээмжтэй үед нэн шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах,

Хоёрдугаар шатанд, хүн амын 20 хувийг дархлаажуулах вакцины хангамж байгаа үед насны бүлгээр эрэмбэлэн вакцинжуулах,

Гуравдугаар шатанд, хүн амынхаа 50 хувийг дархлаажуулах хэмжээний вакцины нөөцтэй үед тодорхой цэгүүдийг зарлаж мэдээлнэ.

Гурав дахь шатанд орж эхлэх үед тухайн үеийнхээ нөхцөл байдалтай буюу вакцины хангалттай холбогдуулж иргэдэд сонгох эрх үүсгэх боломжтой болно. Одоогоор бид зөвшөөрөгдсөн вакцинаар зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулж байна.

- Жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд вакцин хийлгэж болохгүй гэсэн мэдээлэл байна. Хөхүүл хүүхэдтэй ээжүүд вакцин хийлгэж болох уу?

- Вакцины зааварт тусгагдсан зааврыг дагаж мөрдөнө. Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахгүй. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бүрэн тунгаа авч амжих эсэхээ эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх үгүйгээ шийдээрэй.

Эхний тунг хийлгэснээс хойш дараагийн тунг хийлгэх хугаца өөр бөгөөд бүрэн тунгаа авснаар дархлаа тогтоно. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай.

Одоо манай улсад хийж байгаа AstraZeneca вакциныг хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд хийж болно. Зарим вакцины хувьд судалгаа, нотолгоо хангалттай биш байгаа учраас хөхүүл эмэгтэйчүүдэд хийхгүй байхыг зөвлөж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1851100765066643

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.