Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Яаралтай тусламжийн үйлчилгээ авахаар эмнэлэгт очих тохиолдолд PCR шинжилгээ шаардахгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн хэчнээн компани, хэдэн тун вакцин оруулж ирээд байгаа вэ?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Хувийн хэвшлийн гурван компани хүсэлтээ гаргасан. Одоогоор яриа, хэлэлцээрийн түвшинд явж байгаа. Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс вакцин оруулж ирэх бүхий л нөхцөл бололцоогоор хангахын төлөө ажиллаж байгаа.

- Иргэд эмнэлэгт үзүүлэхийн тулд заавал  PCR  шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авахаар ирсэн иргэнээс PCR  шинжилгээ шаардахгүй. Тухайн эмнэлэг өөрөө түргэвчилсэн оношлуураар оношлоод, яаралтай тусламж үзүүлэх асуудлыг журмаар зохицуулж өгсөн байгаа. Жишээлбэл, төрөхөөр өвдөөд эмнэлэгт очиж байгаа хүмүүс PCR  шинжилгээний хариу шаардахгүй. 

- Өчигдөр АстраЗенека вакциныг хийж дуусаад Синофармын вакциныг хийж эхэлнэ гэж мэдээлсэн. ДЭМБ-аас Синофармын вакциныг бүртгэж аваагүй байхад манай улс хэрэглэж болох уу?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Манай улсын Эрүүл мэндийн тухай болон Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд  холбогдох журмын дагуу вакцинуудыг Монгол Улсад яаралтай хэрэглэх горимоор бүртгэх бичиг баримтуудыг бүрдүүлж ажилласан. AstraZeneca  вакцин ДЭМБ-ын батламж авсан. Синофармын вакцины хувьд ДЭМБ судалгаа шинжилгээ, туршилтын явцад гарсан үр дүнг нь үнэлж байгаа. Энэ үйл явц дуусаад гуравдугаар сарын эхээр ДЭМБ-аас зөвшөөрөл өгнө гэсэн мэдээлэлтэй байна. 

- Вакцин хийлгэсэн иргэд юуг анхаарах вэ, архи согтууруулах ундаа хэрэглэж болох уу, амны хаалт зүүх шаардлагатай юу?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:  Иргэд вакцин хийлгэхийн өмнө ч анхаарах асуудлууд байгаа. Эмчийн асуусан асуултад бодитоор хариулж, мэдээллээ өгснөөр вакцин хийх эсэхийг шийднэ.

Вакцин хийлгэсний дараа даарч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлнэ. Учир нь вакцин хийлгэснээр Та 100 хувь хамгаалагдахгүй. Мөн бүрэн тундаа хамрагдах хэрэгтэй. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.10/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1851100765066643
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.