Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хяналтын 150,000 камерт нэвтэрсэн хакерын халдлагыг шалгаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг Verkada компанийн үйлдвэрлэсэн хяналтын камеруудад нэвтэрсэн кибер халдлагын хэргийг шалгаж эхэлжээ. Эмнэлэг, сургууль, хувийн компаниуд зэрэг янз бүрийн байгууллагуудад ашигладаг нийт 150,000 орчим камер уг халдлагад өртсөн байна.

Verkada камерыг ашигладаг байгууллагуудын дотор цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла багтаж байгаа ажээ.

Одоогоор халдлагын цар хүрээ, хохирлын хэмжээг тодорхойлох ажил үргэлжилж байгааг Verkada мэдээлсэн байна. Мөн хууль сахиулах байгууллагуудад гарсан халдлагын талаар мэдэгджээ.

Хакерууд эмэгтэйчүүдийн болон сэтгэцийн эмнэлгүүд, шоронгууд, Verkada компанийн өөрийнх нь оффист байрлуулсан камеруудад нэвтэрч, видео бичлэг хулгайлсан гэж үзэж байна.

Хулгайлсан бичлэгүүдийн зарим нь интернэт орчинд тарж эхэлжээ. Тухайлбал эмнэлгийн ажилтнууд өвчтөнийг хүчээр ортой нь хүлж байгаа, гавтай этгээдийг цагдаа байцааж байгаа зэрэг бичлэгүүд тарсныг мэдээлсэн байна. Мөн Тесла компанийн Шанхай дахь үйлдвэрийн шугам дээр ажиллаж буй хүмүүсийг харуулсан бичлэг нийтэд тарсан гэнэ.

Verkada компанийн бүх камерт нэвтрэх боломжтой “Super Admin” эрхийг хакерууд ямар нэг аргаар олж авсан гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

 

Эх сурвалж: BBC