Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ ойрын үед нөөцөөсөө хуваалцах боломжгүйг мэдэгдсэний дараа Мексик улс Хятадаас вакцин авахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор коронавирусийн эсрэг вакцины нөөцөөсөө хуваалцахыг өөрийн хөрш АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас хүсэж байв.

Ойрын үед өөрийн иргэдийг дархлаажуулах зорилтыг нэн тэргүүнд тавьж буй Байдены засаг захиргаа Мексикийн ерөнхийлөгчийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн юм. Тиймээс ерөнхийлөгч Обрадор вакцины асуудлаар Хятад улсын засгийн газартай биечлэн ярилцсаны үр дүнд 23 сая тунг хүлээж авахаар болсныг Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард өчигдөр мэдэгджээ.

Коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг хангалттай сайн зохион байгуулаагүй хэмээн иргэддээ шүүмжлүүлж байсан Мексикийн эрх баригчид одоо вакцин эрт олж авах тал дээр сайн ажиллаагүй гэж шүүмжлүүлж байгаа.

Тус улс Хятадын Синовак үйлдвэрийн вакцинаас 10 сая тунг ойрын хоёр сарын дотор хүлээж авахаар болсон байна. Мөн нэмэлт 10 сая тунг таваас зургаадугаар сард хүлээж авахаар гэрээ байгуулжээ.

Эхний ээлжинд Хятадын CanSino Biologics компанийн бүтээсэн вакцины гурван сая тун өнөөдөр буюу Лхагва гарагт Мексикт ирэхээр болсон байна.

Хятадын компаниудын бүтээсэн вакцинаар дархлаажуулалтын хөтөлбөрөө эхлүүлж байтал АНУ-ын засаг захиргаа нөөцөөсөө хуваалцах боломжтой болох байх гэж Мексикийн тал найдаж байгаа ажээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш 100 өдрийн дотор 100 сая хүнийг вакцинжуулах Жо Байдены төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл дөрөвдүгээр сарын сүүлээр ийм боломж гарах магадлалтай юм байна.

 

Эх сурвалж: Reuters