Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн оны энэ өдөр манай улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байв

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн жилийн энэ өдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 10-нд манай улсад ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч байв. 

Тодруулбал, гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 57 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрснийг тухайн үед мэдээлж байсан. 

Тэрбээр 47 хоног эмчлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр эдгэрч, эмнэлгээс гарсан юм. 

Харин коронавируст халдварын дотоодын анхны халдвар манай улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд  бүртгэгдсэн. Тодруулбал, 21 хоног тусгаарлагдсан тээврийн жолооч болон эхнэрээс нь коронавирусийн халдвар илэрсэн тухай Улсын онцгой комиссоос мэдээлж байв. 

 
Зургийн эх сурвалж: Ikon.mn
Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,372 болоод байна. Үүнээс 2,765 хүн эдгэрсэн бол 591 хүн эмчлүүлж байгаа юм.  Улаанбаатар хотод өчигдөр 33 тохиолдол нэмэгдэж, дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 2,847-д хүрэв. 

Манай улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажлыг орон даяар хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлээд байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш гуравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийт 20,976 иргэнийг дархлаажуулжээ.

AstraZeneca вакцинд манай улс иргэдээ хамруулж эхлээд байгаа бөгөөд үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа. ДЭМБ-аас энэ сард тус вакцинд зөвшөөрөл олгохоор хянагдаж байгаа билээ

Нийт 85 цэгт өдөрт 16,000-20,000 иргэнийг вакцинжуулах ажил хийгдэх юм. Ингээд хоёр сарын хугацаанд буюу гурав болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь дархлаажуулж дуусгана гэдгийг УОК-оос мэдээлж буй.