Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Дөрвийн бүлэг санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой Дөрвийн бүлгийг өнгөрсөн онд АНУ байгуулж байв.

Ирээдүйд Азийн НАТО болж өргөжих магадлалтай уг бүлэгт АНУ-аас гадна Япон, Австрали, Энэтхэг улсууд багтдаг. Тэгвэл эдгээр орнуудын төрийн тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалт Баасан гарагт виртуал горимд зохион байгуулагдахаар болжээ.

Энэ уулзалтаар АНУ-ын засаг захиргаа Энэтхэг улсын коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийг өргөжүүлж, гарцыг нь нэмэгдүүлэх санхүүжилтийн санаачилга гаргах гэж буйг Цагаан ордны эх сурвалж өчигдөр мэдээлсэн байна.

Тухайлбал Америкийн эм үйлдвэрлэгчид болох Novavax, Johnson & Johnson компаниудын бүтээсэн вакциныг Энэтхэгт бөөнөөр үйлдвэрлүүлэхэд уг санжүүжилт чиглэх гэнэ.

Коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбарууд үргэлжлэн нэмэгдэх явдлыг зогсоох ганц арга зам нь вакцинжуулалтыг хурдасгах гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анх удаа зохион байгуулагдах Дөрвийн бүлгийн дээд хэмжээний чуулганд оролцохдоо цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон сэдвээр бусад гишүүн орнуудын удирдагчидтай зөвлөлдөх гэж байгааг Цагаан ордон өчигдөр мэдээлсэн юм.

Энэтхэг улс вакцин үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Дөрвийн бүлгийн бусад гишүүн орнуудад уриалаад байгаа. Хятад улс вакцинаар дамжуулан дэлхийн бусад улс орнуудад нөлөөгөө нэмэгдүүлэх дипломат бодлого явуулж буй тул ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэж Энэтхэгийн тал үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters