Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины талаар дэлхий дахинд худал мэдээлэл түгээж буй ОХУ-ыг АНУ-ын төрийн департмент шүүмжлэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс

Оросын тагнуулын албадын удирддаг дөрвөн вэбсайт Америкт бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл тарааж байгааг АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс өчигдөр мэдэгджээ.

Энэ талаар тавьсан сэтгүүлчдийн асуултад Прайс “Манай Global Engagement Center байгууллага Оросын тагнуулын албадын удирддаг дөрвөн онлайн платформ вакцины талаар худал мэдээлэл түгээж буйг тогтоосон. Манай улсын дархлаажуулалтын хөтөлбөрт хэрэглэж буй хоёр вакцин тэдгээрийн дотор байна. Оросын тал уламжлалт аргаараа вакцины эсрэг худал мэдээлэл тараах замаар хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа нь тодорхой болсон” гэж хариулсан байна.

АНУ-ын засгийн газрын The Global Engagement Center байгууллага дэлхий даяар тарааж буй худал хуурмаг мэдээлэл, суртал нэвтрүүлэгт хяналт тавьж ажилладаг ажээ.

Төрийн департментын шүүмжлэлийг ОХУ-ын гадаад хэргийн яам эрс няцааж, эсрэгээрээ коронавирусийн эсрэг вакцин бүтээх чиглэлд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа хэд хэдэн жишээг дурдсан байна.

 

Эх сурвалж: ТАСС