Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Харри, Меган нар хатан хааны гэр бүл доторх арьс өнгөний үзлийн тухай ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, бие даан амьдрах зам сонгосон ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нар Ням гарагт Опра Уинфригийн ярилцлагын шоунд оролцохдоо Британийн хатан хааны гэр бүл доторх арьс өнгөний үзлийн талаар дэлгэжээ.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Британийн язгууртнуудын амьдралын талаар ийм дуулиантай мэдээлэл гарч байгаагүй юм.

Хамгийн сүүлд 1995 онд Харригийн ээж Диана гүнж хатан хааны гэр бүлийн дотоод зөрчлийг дэлгэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн нь нэлээд том дуулиан дэгдээж байв.

Ханхүү Харритай гэрлэж, хатан хааны гэр бүлийн гишүүн болсных нь дараа Британийн сонин сэтгүүлүүдэд нэр хүндэд нь халдсан хов живийн чанартай мэдээллүүд ихээр цацагдаж, сэтгэл санааны гүн хямралд оруулж байсныг Меган Маркл ярьжээ.

Үүний улмаас хөл хүнд байсан Меган амиа хорлох тухай хүртэл бодож байсан гэнэ.

Ялангуяа түүний арьсны өнгө, гарал угсааны талаар дайрч, доромжилсон агуулгатай зүйлс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд ихээр цацагдаж байжээ.

“Би тэр үед амьд явах хүсэлгүй болоод байв. Амиа хорлох бодол байнга толгойд эргэлдэж байсан нь үнэхээр аймшигтай” гэж Меган ярьсан байна. Язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, АНУ руу нүүхэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан дарамт шахалт, дайралт голлон нөлөөлснийг Харри ярьжээ.

Үүнээс гадна ирээдүйн хүүхдийн арьсны өнгө хатан хааны гэр бүлийнхний санааг зовоож байсныг Меган дурссан байна.

“Намайг хөл хүнд байх үед тэдний гэр бүлийнхний дотор шинэ хүүхэд тусгай хангамж эдлэх үү, язгууртны хэргэм зэрэгтэй болох уу, арьсны өнгө нь хэр их бараан байх бол гэсэн яриа өрнөдөг байсныг би дуулсан. Ийм асуудлууд яригдаж байгааг Харри надад хэлдэг байв” гэж тэр ярьжээ.

Эцэг ханхүү Чарльз нь ийм нөхцөл байдалд хэрхэн хандаж байгааг хараад урам хугарч, хатан хааны ордноос явах бодол нь улам нэмэгдсэнийг Харри ярилцлагын үеэр тайлбарласан юм. Гэхдээ эцэг Чарльз, ах Уилльям нар нь хаант засаглалын хуучинсаг ёс уламжлалд хатуу баригдсан хүмүүс тул тэднийг ойлгож байгаагаа тэр нэмж хэлсэн байна.

Харри, Меган нартай хийсэн хоёр цагийн ярилцлагаа Опра Уинфри АНУ-ын CBS сувагт $7-$9 саяар зарсан гэх мэдээлэл тараад байгаа. Тэрбээр уг ярилцлагынхаа олон улсад гаргах эрхийг мөн зарахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: AFP