Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амынхаа эрсдэлтэй бүлгийг бүрэн вакцинжуулсан Израйль улс эдийн засгаа нээлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Израйль улс Ням гарагаас эхлэн цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмээ цуцалж, эдийн засгийнхаа ихэнх салбарыг нээжээ.

Тус улс нь хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа. Хоёр сар гаруйн хугацаанд 9.3 сая хүн амын 52 хувь нь Pfizer вакцины нэг тунг тариулсан бол бараг 40 хувь нь хоёр дахь тунгаа тариулсан байна.

50-аас дээш насны хүн амын 90 орчим хувийг бүрэн вакцинжуулжээ. Эрсдэлтэй бүлгийн хүн амаа нэгэнт вакцинжуулж дууссан тул эдийн засгаа нээх шийдвэрийг гаргасан байна.

Баар ресторанууд, спорт, урлагийн арга хэмжээнүүд, зочид буудлууд, бүх шатны сургуулиуд энэ долоо хоногоос эхлэн нээгджээ. Цөөн үйлчилгээний газруудад цуглах хүний тоонд дээд хязгаар тогтоож, зарим нэг газруудыг зөвхөн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст нээлттэй байхаар үлдээсэн байна.

Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэ сарын сүүлээр болох парламентын сонгуульд ялахад нь хүн амаа богино хугацаанд вакцинжуулсан амжилт нөлөөлнө гэж тооцоолж байгаа.

Хэдийгээр вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, коронавирусийн өвчлөл буурсан ч ажилгүйдлын түвшин өндөр хэвээр байна. Нэгдүгээр сарын байдлаар Израйлийн ажиллах хүчний 18.4 хувь нь цар тахлын улмаас ажлын байраа алдсан тухай тус улсын статистикийн төв газар мэдээлжээ.

Үүнээс гадна Израйль улс өөрийн захиргаанд буй Палестины иргэдийг вакцинжуулалтад хамруулалгүй хойш тавьж байгааг олон улсын хамтын нийгэмлэг шүүмжилж байна.

Израйль улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 800,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 5,861 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Associated Press