Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын олимпын аварга Хятад улсын иргэн болох хүсэлтээ гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадмаас шорт трекийн төрлөөр Өмнөд Солонгосын анхны алтан медалийг зүүж байсан Лим Хё Жүн дараагийн өвлийн наадамд оролцохын тулд Хятад улсын иргэн болох хүсэлт гаргажээ.

Тэрбээр бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон бөгөөд энэхүү дуулиан нь түүнийг 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцоход саад болж магадгүй байгаа юм.

Лим 2019 онд бэлтгэлийн үеэр багийнхаа эрэгтэй тамирчнаар даажигнах зорилгоор эмэгтэй тамирчдын нүдэн дээр өмдийг нь шувталж байжээ. Энэ үйлдлийнх нь төлөө Солонгосын Тэшүүрийн Холбоо түүний тэмцээн уралдаанд оролцох эрхийг нэг жилээр хассан юм.

2020 оны тавдугаар сард шүүхээс түүнд 3 сая воны ($2,660) торгууль оноосон ч зургаан сарын дараа давж заалдах шатны шүүх уг шийтгэлийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Лимийн хэргийг одоо Өмнөд Солонгосын дээд шүүх эцэслэн шийдэх юм.

Хэрвээ дээд шүүхийн шийдвэр түүний эсрэг гарвал Лим 2022 оны олимпын наадамд Өмнөд Солонгосын нэрийн өмнөөс оролцох боломжгүй болж магадгүй байна.

Гэвч 24 настай олимпын аварга өөрийн оргил үед амжилт гаргах боломжоо алдахгүйн тулд Хятадын Тэшүүрийн Холбооны урилгыг хүлээн авч байгааг төлөөлөгч нь мэдэгджээ.

Лим Хё Жүн 2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн 1,500 метрийн зайн уралдаанаас алтан медаль, 500 метрийн зайн уралдаанаас хүрэл медаль хүртэж байв.

Лимийг аварга болоход дасгалжуулж байсан Ким Сүн Тэ одоо Хятадын үндэсний шигшээ багийг дасгалжуулж байгаа юм.

Өөр шалтгаанаар мөн адил иргэний харьяаллаа сольж, ОХУ-ын нэрийн өмнөөс 2014 оны Сочигийн өвлийн олимпын наадамд өрсөлдөж, медаль хүртэж байсан Ан Хүн Со (Виктор Ан) одоо зодог тайлж, Ким Сүн Тэгийн туслахаар Хятадын шигшээ багт ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News