Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатараас Архангайн Чулуут суманд кино зураг авалтаар очсон 15 хүний нэгийнх нь шинжилгээний хариу эерэг гарчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Архангай аймгийн ЗДТГ

Улаанбаатар хотоос Архангай Чулуут суманд очсон 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, зургаан автомашинаар Улаанбаатар хот руу тээвэрлэн аймгийн цагдаагийн газрын албан хаагчдын хамгаалалтад явуулжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос кино зураг авалтаар очсон UBS телевиз болон УЭДТ-ын 15 уран бүтээлч ирснээс нэгнийх нь шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангаж ажиллажээ. 

"Тус 15 иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн бөгөөд батлагдсан тохиолдлын иргэнийг Яармаг 300 ортой тусгай эмнэлэгт хүргэж, нэн ойрын хавьталын иргэдийн сорьцыг ХӨСҮТөвийн вируслогийн лабораторид хүлээлгэн өглөө. Шинжилгээний хариу маргааш буюу 03-р сарын 08-ны өглөө гарна. Шинжилгээний хариу гартал зөвхөн Чулуут сумын орох гарах хөдөлгөөнийг хаасан тул эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд автаж, олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл байршуулахгүй байхыг хүсье" хэмээн Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

Мөн "Нэгдүгээр хавьтагч болон дам хавьтагчийг тогтоож зураглалыг гаргаж ажиллахад 14 иргэн нэгдүгээр хавьтагчаар, дам хавьтагчаар 20 иргэнийг тогтоож тусгаарлалтад аван ажиллаж байна. 

2021 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 21.30 минутад Өлзийтгол багийн Естийн нуураас кино зураг авалт хийгээд ирэхэд нь дөрвөн машинтай 15 иргэнийг тосч аван, сумын Эрүүл мэндийн төвийн хоёр сувилагч халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Хүүхдийн цэцэрлэгийн тусгаарлах, ажиглах байранд бүртгэл хийж байрлуулсан. 

Сумын төвийн доод пост болох Сумчийн үзүүр, дээд гүүрний пост, Дунд жаргалантын пост, хөдөлгөөнт эргүүл гу чиглэлд нийт 46 тээврийн хэрэгсэл, 126 гаруй албан хаагчдыг дайчлан ажиллуулж байна. 

Гуравдугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач Э.Ариун-Эрдэнээр ахлуулсан хариу арга хэмжээний баг, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан голомтод ажиллах удирдлагын баг тус тус Чулуут суманд ажиллаж байна" хэмээв.