Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн ерөнхийлөгч Спутник V вакцины эхний тунг тариулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Венесуэль улсын ерөнхийлөгч Николас Мадуро, тэргүүн хатагтай Силиа Флорес нар коронавирусийн эсрэг Спутник V вакцины эхний тунгаа тариулжээ.

Уг үйл явдлыг Венесуэл даяар телевизийн шууд нэвтрүүлгээр цацсан байна.

“Дэлхий дахинд хийгдсэн судалгаанууд Орос вакцины дархлаажуулах чадвар өндөр болохыг баталж байна. Бид Венесуэлийн ард түмнийг бүрэн дархлаажуулах хэмжээний вакцин авахаар болсон” гэж Мадуро энэ үеэр мэдэгджээ.

Энэ үйл явдлын дараа Москвагаас вакцины хоёр дахь хэсэг болох 100,000 тун ирсэн тухай Венесуэлийн эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.

Хоёрдугаар сарын 13-ны өдөр тус улс эхний 100,000 тунг хүлээж авсан юм.

Үүний 60 орчим хувийг эрүүл мэндийн салбарын ажилтнууд, хууль тогтоогчдыг вакцинжуулахад ашиглаад байгааг Мадуро мэдэгджээ.

25 сая хүн амтай Венесуэль улс ОХУ-аас 10 сая тун вакцин авахад $200 саяыг зарцуулахаар болсон байна.

Тус улс энэ долоо хоногийн эхээр Хятадаас Синофармын 500,000 тун вакциныг мөн хүлээж авчээ.

Даваа гарагаас уг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж эхлэх гэнэ.

Венесуэль улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 141,356 тохиолдол бүртгэгдэж, 1,371 хүн нас барсан байна.

Энэ нь Өмнөд Америк тивийн бусад орнуудын дунджаас бага үзүүлэлт юм. Сөрөг хүчнийхэн Мадурогийн засгийн газар бодит статистик тоо баримтыг нуун дарагдуулсан гэж шүүмжилж байна.

 

Эх сурвалж: Reuters