Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Сенат эдийн засгаа дэмжих $1.9 их наядын хөтөлбөрийг дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлаас Америкийн ард иргэд, эдийн засгийг аврах зорилгоор ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан $1.9 их наядын хөтөлбөрийг АНУ-ын Сенатын танхим Бямба гарагт дэмжлээ.

Сенат дахь Бүгд Найрамдах намын бүх гишүүд төлөвлөгөөг эсэргүүцсэн ч Ардчилсан Нам олонхийн хүчээр дэмжүүлж чаджээ.

Ардчилсан Нам давамгайлдаг АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Байдены төлөвлөгөөг ирэх Мягмар гарагт эцэслэн батлах төлөвтэй байна. Коронавирусийн цар тахлын улмаас АНУ даяар 523,000 хүн нас барж, 29 сая хүн халдвараар өвчилж, ажилгүйдлийн түвшин 6.2 хувьд хүрээд байгаа.

Цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-ын эрх баригчид эдийн засгийг тэтгэх гурав дахь хөтөлбөрөө ийнхүү батлах гэж байна.

Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой Америк хүн бүрт нэг удаа  $1,400-ийг бэлнээр тараах юм.

Мөн долоо хоног тутмын ажилгүйдлийн тэтгэмжийг $300-аар тогтоож, есдүгээр сарын зургаан хүртэл олгохоор сунгажээ.

Нийт $350 тэрбумыг муж, орон нутгийн засаг захиргаанд, $130 тэрбумыг сургуулиудад зориулахаар болсон байна. Covid-19 өвчний оношилгоо, судалгаанд $49 тэрбум, вакцинжуулалтын хөтөлбөрийг хурдасгахад $14 тэрбумыг хуваарилжээ.

Бизнесийн байгууллагуудыг дэмжихэд багагүй мөнгө зарцуулахаар болсон байна. Тухайлбал ресторан, зоогийн газруудад $25 тэрбум, агаарын тээвэрлэгчдэд $15 тэрбум, нисэх буудлуудад $8 тэрбум, Amtrak төмөр замын тээвэрт $1.5 тэрбум, нисэх онгоц үйлдвэрлэгчдэд $3 тэрбум гэх мэт.

Ерөнхийлөгч Дональд Трампын үед санаачилсан өмнөх хоёр хөтөлбөрийг дэмжиж байсан Бүгд Найрамдахчууд энэ удаагийн хөтөлбөрийг хэт үрэлгэн гэж шүүмжилж байгаа.

Тиймээс 27 цаг үргэлжилсэн хэлэлцүүлгийн эцэст Бүгд Найрамдах намын гишүүд бүгд эсрэг санал өгсөн ч 50-49 харьцаагаар Ардчилсан Намын гишүүд хөтөлбөрийг дэмжүүлжээ.

 

Эх сурвалж: BBC