Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д анхны 5G сүлжээ ажиллаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын үүрэн холбооны МТС компани Москва хотын зарим хэсэгт супер өндөр хурдны 5G сүлжээ ажиллуулж эхэлснээ өчигдөр зарлажээ.

Энэ нь тус улсын хувьд тавдугаар үеийн харилцаа холбооны сүлжээ ажиллаж эхэлсэн анхны тохиолдол болж байна.

5G сүлжээний хамрах хүрээнд Горькийн цэцэрлэгт хүрээлэн, Москвагийн Улсын Их Сургууль, Москва Хотын Олон Улсын Бизнес Төв зэрэг нийт 14 бүс багтжээ. МТС компани ойрын үед хамрах хүрээг өргөжүүлэхээ амласан байна.

Мөн ОХУ-ын хоёр дахь том хот Санкт Петербургийн 10 бүсийг энэ зун 5G сүлжээнд хамруулахаар болжээ.

Шинэ үеийн сүлжээнд хүмүүс секундэд 1.5 Gigabits хүртэл хурдаар өгөгдөл татах боломжтой гэнэ. Энэ нь дунджаар 10 Gigabytes хэмжээтэй киног нэг минут хүрэхгүй хугацаанд гар утас болон компьютер дээрээ татна гэсэн үг юм.

Гэхдээ МТС хүссэн хүн бүрийг 5G сүлжээнд холбохгүй юм байна. Дээр дурдсан 14 бүсэд нэвтэрсэн хэрэглэгчдийн зарим нь тус компаниас урилга хүлээж авсны дараа холбогдох эрх нээгдэх ажээ.

ОХУ нь өөрийн 10 том хотыг 2024 онд 5G сүлжээнд холбох зорилготой байна. Тухайн үед 5 сая хэрэглэгчтэй болно гэсэн тооцоо гаргажээ.

Харин 2030 он гэхэд Оросын хүн амын гуравны нэг гаруй нь буюу 50 сая хэрэглэгч 5G сүлжээнд холбогдохоор төлөвлөснийг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today