Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оюунбилэг: АстраЗенека вакцинд ямар урвал үүсэж байгааг тэмдэглээд явж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс вакцины асуудлаар мэдээлэл хийлээ. 

Шинжлэх ухааны доктор профессор З.Батсүх "Синофарм вакциныг 50 гаруй улс, Спутникийг 30 орчим улс авч гоц халдварт коронавирус өвчнөөс сэргийлэхэд хэрэглэж байна. Гурваас доошгүй оронд бүртгэгдсэн вакциныг автоматаар бүртгэж болно гэсэн заалт бас бий. Манай улсад орж ирсэн вакцинууд хангалттай сайн батлагдсан, олон улсад хэрэглэгдэж байгаа юм.

Англи, БНХАУ-д идэвхтэй тархаж байсан мутацид АстраЗенекагийн хамгаалах идэвх нь сул байна гэж гарсан зүйлүүд бий. Бусад вакцинуудын хамгаалах идэвхийг шинэ мутациуд дээр туршсан зүйл одоогоор алга байна.

Монголд илэрч байгаа коронавирусийн удам зүйн дарааллыг тогтоосон судлаачдын мэдээлж буйгаар дархлааны хариу урвалд өөр нөлөө үзүүлсэн бусад мутациуд орж ирээгүй байна гэсэн судалгааны дүн байна. Одоохондоо бол манай улсад бүртгэгдсэн дөрвөн вакцин вирусээс хамгаалах чадвартай" гэв. 

 Халдвар судлалын эмч нар вакцинжуулалтад хяналт тавьж байгаа. Нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн урвал илэрсэнийг эрдэмтэд онцолсон юм. 

Вакцин үйлчилдэггүй мутаци гарна гэдэг боломжгүй зүйл

 
Эх сурвалж: ЭМЯ

Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг "Манай улсад дөрвөн төрлийн вакцин бүртгэсэн. Яагаад ийм олон төрлийн вакцин бүртгэсэн бэ гэхээр хэрэглэгчид сонгох асуудал бий. Нөгөө талаар эмч үйлчлүүлэгчийнхээ биеийн байдлыг хараад аль вакцин тохирохыг зөвлөнө. Арга технологийн хувьд  дөрвүүлээ ялгаатай.

Хоёр нь шинэ бөгөөд хүнд хэрэглэж байгаагүй. Нэг нь туршилт судалгаа хийгдсэн, харин үлдсэн нэг нь 100 гаруй жилийн өмнөөс хэрэглэж ирсэн вакцин юм. Үүнээс жишээ болгож Спутник вакциныг яръя. Спутникийн хувьд векторын вакцин. Вектор гэдэг нь тухайн цар тахал үүсгэж байгаа коронавирусийн гадаргын сэртэн уургийг агуулсан, генийн инженерийн аргаар аденовирустэй угсарсан вирус юм.

Адено вирус нь  амьсгалын замын өвчний 15-20 хувийг үүсгэдэг. Уг вирусийн үржих чадвартай генийг таслаж авсан учраас хүний эсэд зөвхөн коронавирусийн генийг зөөж аваачиж өгөх үүрэгтэй. Энэ технологийн судалгаа 20-30 жилийн өмнөөс эхэлсэн. Анхны судалгаанд манай улс мөн оролцож байсан.

Вирусны амьдрах зарчим мутаци болох дээр үндэслэж байгаа. Коронавируст 2,000 гаруй мутаци үүссэн. Вакцин үйлчилдэггүй мутаци гарна гэдэг нь боломжгүй зүйл. Огт хоргүй эм гэж байхгүй. Вакцины хувьд ч адилхан. Вакцин тарьсны дараа дархлалын урвал гэж бий. Огт бүртгэгдээгүй урвал бүртгэгдээгүй. АстраЗенека вакцинд ямар урвал үүсэж байгааг тэмдэглээд явж байна" гэлээ.