Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дараалсан гурван газар хөдлөлтийн дараа Шинэ Зеландын иргэд цунамигаас зугтаж, уул руу дүрвэжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Шинэ Зеландын хойд арлын эргээс холгүй далайд гурван удаа дараалан газар хөдөлжээ. Хойд арлаас зүүн хойд зүгт 800 км зайтай орших хүн амьдардаггүй Кермадек бүлэг аралд 8.1 магнитудын хүчтэй хөдөлсөн нь хамгийн хүчтэй нь байв.

Түүнээс өмнө энд тус бүр 7.4 ба 7.2 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.

Найман цагийн дотор ийнхүү гурван удаа хүчтэй газар хөдөлсөн байна.

Хамгийн сүүлчийн, хамгийн хүчтэй газар хөдлөлтийн дараа далайд цунами үүсч, 3 метрийн өндөртэй давалгаа эрэг орчмын газар нутагт хүрэх магадлалтайг Шинэ Зеландын гамшгаас хамгаалах газар анхааруулжээ.

Цунамигийн анхааруулгыг хүлээж авсан эрэг орчмын иргэд гэрээсээ дайжиж, өндөрлөг газарт байрласан байна.

Үүссэн цунами төсөөлж байснаас бага хэмжээтэй байсан тул үдээс хойш түгшүүр цуцлагдаж, иргэд гэртээ харих боломж бүрджээ. Өнөөдөр өглөө Шинэ Зеландаас гадна Номхон далайн өмнөд хэсгийн Вануату, Шинэ Каледониа арлуудад цунамигийн түгшүүр зарлагдсан байна.

Антарктид, Өмнөд Америк тивүүдийн эргээр бага хэмжээний цунами бүртгэгдсэнээс газар хөдлөлтийн хүч ямар өргөн хүрээнд нөлөөлснийг харж болохоор байна.

5 сая хүн амтай Шинэ Зеланд улс нь Австрали ба Номхон далайн тектоник хавтангуудын залгаас дээр оршдог. Арван жилийн өмнө Шинэ Зеландын өмнөд аралд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөхөд тус арлын хамгийн том хот Кристчөрчөд 185 хүн амиа алдаж байв.

 

Эх сурвалж: Reuters