Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эх уурхай нь тодорхойгүй халдварын тохиолдлууд СХД-ийн 33, 35, 36 болон СБД-ийн 2 дугаар хороонд бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинээр илэрсэн 77 тохиолдлоос таван хүнийг халдвар авсан эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв.

Тэрбээр "Өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлуудын 61 хүнд эхний шинжилгээгээр, 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Мөн шинээр илэрсэн голомтоос халдвар авсан таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажиллагаа явагдаж байна. Тухайн шинэ голомтын хавьтлуудыг илрүүлж тусгаарлалтад авсан.

Халдварын эх уурхайг тодорхойлж байгаа таван хүний оршин суух байршлыг танилцуулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 33, 35, 36 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо байна" гэсэн юм.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Халдварын эх үүсвэрүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сүүлийн 72 цагийн хугацаанд шинээр бүртгэгдсэн халдваруудын эх уурхайг нь бүгдийг тодорхойлсон. Харин өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлуудаас эх уурхай нь тодорхойгүй буюу нэг шинэ голомт байна.

Одоогоор тухайн иргэний ойрын хавьтлын 10 хүнийг илрүүлэн тусгаарласан байгаа.

-Албан байгууллагууд QR код уншуулж байгаа нь хавьтлуудыг илрүүлэхэд нэмэр болж байна уу. QR кодоор хавьтал болон халдвартай иргэнийг тогтоосон тохиолдол бий юу?

-Олон улсад QR кодоор хавьтлыг мөшгөх практик бий. Харин манай улсад уг туршлагыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд буй.

Яг одоогийн байдлаар QR кодоор хавьтлыг мөшгөх болон халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж эхлээгүй байна.

Учир нь хувь хүний мэдээлэл зэргээс эхлээд хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх асуудлууд бий. Тэдгээр асуудлуудыг шийдсэний дараа QR код хэрэглээнд орно гэж найдаж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/191978926059120