Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгчүүд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд хохирогчтой гэрлэхийг зөвлөсөн шүүгчийг огцруулахаар тэмцэж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ял шийтгэлээс зайлсхийх зорилгоор хохирогчтой гэрлэхийг хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд зөвлөсөн шүүгчийг огцруулах хөдөлгөөн Энэтхэгт өрнөж байна.

Шүүх хурлын үеэр ахлах шүүгч Шарад Арвинд Бобде гэмт этгээдэд “Хэрвээ чи хохирогчтой гэрлэхийг зөвшөөрвөл бид туслахад бэлэн байна. Үгүй гэвэл ажлаа алдаад шоронд суух болно” гэж хэлж байжээ.

Бобдегийн хэлсэн үг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг хилэгнүүлж, шүүгчийг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан өргөх бичигт 5,200 гаруй хүн гарын үсгээ зурсан байна.

Түүний шүүсэн гэмт этгээд бензин бие дээр нь асгаж, амьдаар нь шатаана, ахыг нь ална гэх зэргээр сүрдүүлж байгаад дунд сургуулийн сурагч охиныг удаа дараа хүчиндэж байжээ.

Энэтхэг улс нь эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн гаралтаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.

2019 оны турш өдөр бүр дунджаар 87 эмэгтэй хүчингийн хэргийн хохирогч болсныг Энэтхэгийн засгийн газраас 2020 оны аравдугаар сард гаргасан статистик мэдээнд өгүүлжээ. Тус улсад бүртгэгдсэн хүчингийн хэргийн тоо 2018-аас 2019 онд 7 гаруй хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: The Guardian