Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Итали улсаас Австрали руу AstraZeneca вакцин экспортлох гэж байсныг Европын Холбоо зогсоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин хүрэлцэхгүй байгаатай холбоотой улс орнуудын хооронд өрсөлдөөн эрчимжиж байна.

Европын Холбоо гэрээний дагуу амласан вакцинаа нийлүүлж чадахгүй байгаа Британийн AstraZeneca компанитай зарга үүсгээд байгаа юм. Тус компани өчигдөр Италийн нийслэл Ромын ойролцоох үйлдвэрээсээ 250,000 тун вакциныг Австрали руу экспортлох гэж байсныг Европын Холбоо зогсоожээ.

AstraZeneca компани энэ оны эхний улиралд 90 сая тун вакцин Европын Холбоонд нийлүүлэх гэрээ байгуулсан ч 40 саяыг нь нийлүүлэх боломжтой байгааг нэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Хоёрдугаар улиралд нийлүүлэх вакцины хэмжээгээ ч бас 50 хувиар бууруулахаар болсон байна.

Вакцины нийлүүлэлтэд ийнхүү бэрхшээл гарсантай холбоотой Европын Холбоо нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сарыг дуустал хугацаанд өөрийн гишүүн орнуудаас вакцин экспортлох явдлыг хатуу хянах журам гаргажээ. Европ тивд AstraZeneca-гаас гадна Pfizer, Moderna компаниуд вакцины үйлдвэртэй юм. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдвэрлэгчдийн вакциныг Европын Холбооноос гаргахыг хориглох журмыг Европын Холбоо хэрэгжүүлж байна.

Журам хэрэгжиж эхэлсэн эхний нэг сарын хугацаанд дэлхийн 29 улс руу коронавирусийн эсрэг вакцин гаргах 150 хүсэлт ирснийг Европын Холбоо хүлээж авахаас татгалзсан байна.

Брюсселийн албаны эх сурвалжийн мэдээлснээр Европын Холбоо вакцины эскпортод хяналт тавих журмаа зургаадугаар сарыг дуустал сунгах магадлалтай байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters