Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн ихэнх нь илүүдэл жинтэй улс орнуудад Covid-19 өвчнөөр нас барах эрсдэл 10 дахин өндөр байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Насанд хүрсэн хүн амынх нь ихэнх хэсэг илүүдэл жинтэй улс орнуудад Covid-19 өвчнөөр нас барах эрсдэл 10 дахин өндөр байгааг World Obesity Forum байгууллагын хийсэн судалгааны дүн харуулжээ.

Судлаачид Жон Хопкинсийн их сургууль болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан цар тахлын статистик тоо баримт дээр шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Тухайлбал хоёрдугаар сарын сүүлийн байдлаар дэлхий даяар 2.5 сая хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсны 2.2 сая нь насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь илүүдэл жинтэй орнуудад оногджээ.

Дэлхийн 160 гаруй орны статистик мэдээллийг нэгтгэж боловсруулахад насанд хүрсэн хүн амын 40 хүрэхгүй хувь илүүдэл жинтэй орнуудад 100,000 хүн тутамд 10-аас ихгүй нас баралт оногдсон байна.

Харин хүн амын 50-аас илүү хувь нь илүүдэл жинтэй орнуудад 100,000 хүн тутамд 100 гаруй эндэгдэл оногдож байжээ.

Зөвхөн Covid-19 биш, H1N1 томуу, шувууны ханиад зэрэг халдварт өвчнүүдийн хувьд ч бас илүүдэл жин нас баралтад нөлөөлж байгааг тогтоосон байна.

Улс орны хөгжлийн ялгаа, хүн амын насны ангиллыг тооцоход эрсдлийн хувь хэмжээ хэвээр хадгалагдаж байжээ.

Уг судалгаан дээр үндэслээд World Obesity Forum байгууллага коронавирусийн халдварын оношилгоо, вакцинжуулалтад илүүдэл жинтэй хүмүүсийг түрүүлж хамруулахыг дэлхийн улс орнуудад зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: CNN