Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕГ-аас 2020 онд тавьсан актын үлдэгдэл ₮419 тэрбумыг "Оюу толгой" өнөөдөр Төрийн санд шилжүүлжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Оюу толгой" компани Татварын ерөнхий газраас тавьсан актыг бүрэн хэрэгжүүлж, Монгол Улсын Төрийн санд өнөөдөр 419 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. 

Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьснаа зарласан юм.

Энэхүү актад тавьсан дүнгийн 230 тэрбум төгрөгийн "Оюу толгой" компани өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Төрийн санд шилжүүлсэн бол өнөөдөр 419 тэрбум төгрөгийг төлснөөр 2016-2018 оныг хамарсан татвартай холбоотой өр төлбөрийг бүрэн барагдуулж байна. Үүнээс гадна "Оюу толгой" компанид 2018 онд мөн 2013-2015 оныг хамарсан 155 сая ам.долларын татварын акт ногдуулсан байдаг.

Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал 

  • Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг
  • Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг 
  • АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулжээ. 

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанид Монгол Улсаас гадна Австрали улсын Татварын ерөнхий газраас мөн 320 орчим сая ам.долларын татварын акт ногдуулаад байгааг "Рио Тинто" энэ сарын 2-ны өдөр мэдээлсэн байна. 

Манай улсын хувьд Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг хууль зөрчсөн хэмээн үзэж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах УИХ-ын тогтоол гарсан. Энэ дагуу ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулж, хэлэлцээг идэвхтэй явуулж, шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлахаа мэдэгдсэн. 

Хамгийн сүүлд гарсан шинэ мэдээлэл гэвэл Дубайн гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах талаар талууд тохиролцож байгааг ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо Nikkei Asia-д ярьсан.

Тиймээс цаашид хэлэлцээ нааштай болно гэсэн хүлээлт өндөр байна. Одоо тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бөгөөд хэлэлцээ үргэлжилж байгааг эх сурвалж хэллээ.