Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден амны хаалтаас татгалзах шийдвэрийг “Неандерталь хүний санаа” гэж шүүмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас, Миссиссиппи мужуудын захиргаа саяхан иргэддээ амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрч, хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцалж, хэвийн аж амьдралд шилжих шийдвэр гаргажээ.

Өөр бусад мужууд мөн коронавирусийн халдварын тохиолдол буурч, вакцинжуулалт эрчимжиж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэмээ хэсэгчлэн цуцалж эхэлсэн байна.

Мужийн эрх баригч нарын энэхүү шийдвэрийг харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хурцаар шүүмжилжээ.

“Амьдрал сайхан болчлоо, амны хаалтаа авцгаая, мартацгаая гэх нь үнэндээ Неандерталь хүний санаа юм. Энэ бол ноцтой алдаа” гэж Жо Байден өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.

Түүний засаг захиргаанд ажилладаг анагаах ухааны салбарын албан тушаалтнууд вирусийн аюул арилах болоогүй, мутацлагдсан шинэ хувилбарууд вакцинжуулалтын хөтөлбөрийг үр дүнгүй болгох аюул заналхийлж буйг анхааруулсаар байгаа юм.

“Одоо хорио цээрийн дэглэмээ цуцлах цаг биш. Ойрын нэгээс хоёр сарын хугацаанд цар тахал хэрхэн үргэлжлэхээс бүх зүйл хамаарна” гэж Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Рошелл Валенски өчигдөр хэлжээ.

Жо Байдены мэдэгдлийн хариуд Бүгд Найрамдах намаас сонгогдсон Миссиссиппи мужийн захирагч Тэйт Ривз “Миссиссиппид асран хамгаалагч хэрэггүй. Халдварын тоо буурч байгаа тул бид экспертүүдийнхээ үгийг сонсож, сонголтоо хийх эрхтэй. Бид Америкчуудаа доромжлох биш, тэдэнд итгэх ёстой” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Техас мужийн захирагч Грэг Эбботын хэвлэлийн төлөөлөгч “Манай захирагч тахал дуусах болоогүйг иргэддээ тодорхой хэлж байгаа. Бид одоо цар тахалтай хэрхэн, ямар хэрэгслээр тэмцэх аргаа олсон. Өвчин намдаж байгаа нь тодорхой болсон тул одоо Техасчуудын аж амьдралыг хэвийн болгоход ихийг хийх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

АНУ даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 28.7 саяд хүрч, 519,000 орчим хүн нас бараад байна.

Хүн амыг дархлаажуулах хөтөлбөрт Байдены засаг захиргаа өнөөдрийн байдлаар 78 сая тун вакцин зарцуулжээ.

 

Эх сурвалж: BBC