Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хүрэлхүү: Автотээврийн үндэсний төвийн бүтцийг цомхотгож, ЗТХЯ-ны харьяанд ажиллуулах хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот хоорондын тээвэрчид өнөөдөр хамтран мэдээлэл хийж, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү "Автотээврийн үндэсний төв нь 1,000 гаруй ажилтан, зургаан захиралтай. Хот хооронд зорчигч тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс жилд 8-10 хувийн шимтгэлээр 5-5.3 тэрбум төгрөгийг өөртөө төвлөрүүлдэг. Түүнчлэн албан журмын болон сайн дурын даатгалын мөнгийг зорчигч, тээвэрлэгчдийн орлогоос авч, даатгалын компаниудад өгдөг. Энэ байгууллага нь журмын дагуу хатуу шаардлага тавьж ажиллахаас гадна тээвэрчдээ эдийн засаг, санхүүгээ хөгжүүлэхэд нь хамтарч ажиллах үүрэгтэй атал цуцална, түдгэлзүүлнэ, зогсооно, торгоно гэх захиргааны чиглэлийн байгууллага болж, тээвэрчдээ дэмжих нь бүрэн орхигдсон. Мөн авлига, ашиг сонирхолд автсан" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "АТҮТ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг бөгөөд бодлого чиглэлийг нь Зам, тээврийн хөгжлийн яам тодорхойлох учиртай. Гэвч яамны шийдвэрийг үл хэрэгсэх тохиолдол их байгаа ч хариуцлага тооцох боломж байдаггүй. Иймд АТҮТ-ийн хоёрдмол удирдлагыг цэгцэлж, бүтцийг өөрчлөн цомхон болгон Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд ажиллуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст хариуцлага тооцох хүсэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт уламжилна" гэлээ. 

2020 оны арванхоёрдугаар сард 18 хоног хот хооронд зорчигч тээвэрлэхдээ нэг талдаа зорчигчгүй явж байсан тул тээвэрлэгчид нийт нэг тэрбум 400 сая төгрөгийн шатахууны өрөнд орсон байна. АТҮТ-өөс холбогдох хуулиудын дагуу хохирлын барагдуулж өгөх ёстой ч одоог хүртэл арга хэмжээ аваагүй байгааг тээвэрчид мөн хэлэв.