Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX компанийн ээлжит туршилтын пуужин газардсаныхаа дараа дэлбэрлээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын SpaceX компани хүн төрөлхтнийг Ангараг гарагт хүргэх ирээдүйн зорилготой бүтээж буй Starship пуужингийнхаа ээлжит туршилтыг өчигдөр зохион байгуулжээ.

Техас мужийн Бока Чика дахь талбайгаас хөөргөсөн SN10 нэртэй туршилтын пуужин буцаж амжилттай газардсан ч удалгүй суурин дээрээ дэлбэрсэн байна.

Өмнөх SN9 пуужинг өнгөрсөн сард туршихад газардаж амжилгүй дэлбэрч байжээ. Түүний өмнөх SN8 пуужин мөн л агаарт байхдаа дэлбэрсэн юм.

SN10 пуужингийн хувьд газардаж чадсанаараа өмнөх хоёр туршилтын пуужингаас ялгарч байна.

Газраас хөөрч, 10 км өндөрт хүрснийхээ дараа SN10 пуужин хэвтээ байрлалаар унаж эхэлжээ. Газардахын өмнө тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллаж, пуужингийн эх биеийг босоо байрлалд шилжүүлсэн байна. Ингээд суурин дээрээ амжилттай газардсан пуужингаас хэдхэн хормын дараа гэнэт гал гарч, дэлбэрсэн юм.

SpaceX компанийн мэргэжилтнүүд туршилт амжилттай болсныг дөнгөж зарласны дараа ийм осол гарсан байна.

16 давхар барилгын өндөртэй, олон дахин ашиглагдах, хүнд даацын Starship пуужинг 100 тонн ачаа сансарт хөөргөх чадвартай байхаар зохион бүтээжээ.

 

Эх сурвалж: The Verge