Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын анхны хүйсээ солиулсан цэрэг гэртээ нас барсныг олжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний түүхэнд анхны хүйсээ солиулсан цэрэг болж байсан Бюн Хэ Со өчигдөр гэртээ нас барсныг олсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Цэргийн алба хаах хугацаандаа хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн нь илэрсний дараа Өмнөд Солонгосын армийн удирдлага түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж байв.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Бюн Хэ Со дээрх шийдвэрийг эсэргүүцэж, армийн удирдлагатай заргалдсан ч ялагдаж байжээ. Тэрбээр хэдийгээр эмэгтэй хүн болсон ч цэргийн албаа нэр төртэй хааж дуусгах хүсэлтэйгээ илэрхийлж байв.

23 настай Бюн өнгөрсөн хугацаанд Сөүлийн ойролцоох Гёнги муж дахь гэртээ амьдарч, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байсан гэнэ.

Эцгийн эрхт ёс давамгайлдаг Өмнөд Солонгос улсад шаардлага хангасан эр хүн бүр хоёр жилийн хугацаанд цэргийн алба заавал хаадаг хуультай.

Зүүн Азийн орнууд дотроос тус улсын нийгэм бэлгийн цөөнхөд хамгийн хатуу ханддаг бөгөөд тэднийг сэтгэл зүй болон бие махбодын хувьд асуудалтай гэж үзэх явдал түгээмэл байдаг.

Шашны томоохон байгууллагууд нь ижил хүйстэн байхыг нүгэл гэж номлодог, парламент нь тэднийг хамгаалах хууль баталж байгаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд бэлгийн цөөнхийн асуудал дээр хатуу чиг шугам баримтлагчид Бюн Хэ Согийн нэр хүндийг унагах ажиллагааг онлайн орчинд явуулж, хүйсээ солиулсан нь илэрсний дараа армиас хөөхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулж байжээ.

 

Эх сурвалж: BBC