Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах жагсаалтын сүүлээсээ хоёрт багш нарыг эрэмбэлсэн нь танхимын хичээл намраас нааш орох боломжгүйг илтгэж байна

Р.Оюун, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад COVID-19-ийн эсрэг дархлаажуулалт энэ оны хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайдын анхны тарилгаар сүр дуулиантай эхэлсэн. Вакцинжуулалтыг эхлүүлэхээс өмнө Засгийн газар, ЭМЯ бүх бэлтгэлийг хангасан талаараа удаа дараа мэдээлж байв.

Хамгийн түрүүнд БНЭУ-аас ирэх 150 мянган тун АстраЗенека вакцинаар  

  • төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
  • цагдаа 53,000 орчим,
  • 50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн бол

нийслэл дэх эрүүл мэндийн ажилтнуудыг гурав хоногт дархлаажуулахаар төлөвлөснөө ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлсэн. 

Эрүүл мэндийн сайд иргэдээ 2021 ондоо багтаан бүрэн дархлаажуулна гэж хэлсэн боловч бодит байдал дээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 11,120 хүн буюу өдөрт дунджаар 1,590 хүнд вакцин хийж байна. 

Монгол Улс хүн амынхаа 60% буюу 2,015,280 хүний дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд яг энэ хурдаараа явбал 3.5 жил үргэлжлэх тооцоог бид өмнө нь гаргасан. 
 

Дархлаажуулалт яагаад ийм удаашралтай байгаа шалтгааны талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зай барих, вакцин хийлгэсний дараа ажиглах, хянах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас өдөртөө 1,000 гаруй хүнд вакцин хийж байна” гэсэн юм. 

Одоогийн байдлаар Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээрх 22 цэгт 31 багийн 220 гаруй, лавлагаа төвүүд дээр 10 багийн 80 гаруй гээд нийт Улаанбаатар хотын хэмжээнд 300 орчим эрүүл мэндийн ажилтан дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу цаашаа ажиллахаар өрх, сумын эмч нараас судалгаа авсан байгаа гэдгийг нэмж халсэн. Харин Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны хурлаар мэдээлснээр "Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх зорилгоор 8,000 орчим эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэхээ мэдээлсэн байдаг

Ийнхүү албаныхны зөрүүтэй мэдээллийн дунд вакцинжуулах үйл явц маш удаашралтай байна. Ямар ч байсан энэ сарын дундаас дархлаажуулалтаа “эрчимжүүлнэ” гэсэн хэмжих боломжгүй мэдэгдлийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө

Одоогийн байдлаар Монгол Улсад хүн амаа дархлаажуулахад шаардлагатай 4,030,560 вакцинаас 460,000 тун буюу 11.4% нь бүрдээд буй. Үүнээс 310 мянган тун нь хоёр хөршийн буюу ДЭМБ албан ёсоор бүртгээгүй вакцинууд тул ХӨСҮТ-ийн Биобэлдмэлийн төвд хадгалж байна.

Тэгвэл дэлхийн улс орнууд дархлаажуулалтаа эрчимжүүлж, боловсролын салбартаа анхаарал хандуулж байгаа юм. Монгол Улсын тухайд нийслэлийн танхимын хичээлийг хэзээ нээх нь тодорхой болоогүй бөгөөд вакцинжуулах дарааллын сүүлээсээ хоёрт боловсролын байгууллагуудын ажилтнууд, багш нараа жагсаагаад байгаа билээ. 

Зорилтот хүн ам Хамрагдах иргэд Хамрагдах хүн амын тоо
1 Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 56,047
2 Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан(онцгой байдал, цагдаа...) 52,750
3 50-аас дээш насны хүн ам 583,545
4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 230,781
5 Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар..) 276,937
6 Дайчлах боломжтой ажиллагчад(вакцинжуулалт, хариу арга хэмжээний багт ажиллана) 65,937
7 Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид(хил, гааль, нүүрс тээврийн жолооч...) 329,687
8 Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 69,234
9 Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам 313,202

Эх сурвалж: ЭМЯ

Энэхүү жагсаалтад үзүүлсэн тоог одоогийн дархлаажуулах явцаар харьцуулаад үзвэл 1.6 сая хүний дараа багш нарыг дархлаажуулахаар харагдаж байна. Одоогийн вакцинжуулалтын хурдаар тооцвол 1,000 өдрийн дараа буюу 2.7 жилийн дараа багш нар дархлаажуулалтад хамрагдах нь. 

Шадар сайдын хэлсэнчлэн вакцинжуулалтыг эрчимжүүлж, одоогийн хүчин чадлаа гурав дахин өсгөлөө гэж тооцсон ч дараагийн хичээлийн жил эхлэхээс өмнө боловсролын байгууллагын ажилтнуудаа дархлаажуулж амжихааргүй тооцоолол харагдаж байгаа юм. Харин багш нарыг дархлаажуулаагүй тохиолдолд эцэг, эхчүүд итгэлтэйгээр хүүхдүүдээ хичээл сургуульд явуулах нь эргэлзээтэй. 

Гуравдугаар сарын 1-ний байдлаар дэлхийн 122 байршлын мэдээллээр 244,265,363 тун вакциныг хийсэн байна. 

 
Эх сурвалж: ourworldindata

Тэдгээрээс Израиль улс иргэдээ дархлаажуулж буй үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм.

Тус улс 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд дархлаажуулалтаа эхлүүлж, гуравдугаар сарын 1-н гэхэд 3.67 сая хүн буюу хүн амынхаа 40%-ийг Pfizer-ийн эхний тунгаар тарьснаас 28 хувьд нь хоёр дахь тунг хийгээд байна. Израиль 16-аас дээш насныхаа иргэдийг коронавирусийн эсрэг хамруулж байгаа бөгөөд энэ насныхныхаа 80 гаруй хувийг дархлаажуулсан гэсэн үг. 

Тэгвэл өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын сүүлч гэхэд улсынхаа насанд хүрэгчдийг вакцинжуулалтад хамруулах нөөцтэй болохоо зарлав. Одоогоор тус улс 51.8 сая хүнээ вакцинжуулснаас 26.2 сая нь хоёр дахь тунгаа хэдийн хийлгэжээ. 

Өмнөд Америкийн Чили улс л гэхэд гуравхан долоо хоногийн хугацаанд 3.1 сая тун вакцинаар хүн амаа дархлаажуулсан үзүүлэлтээр дэлхийд АНУ, Их Британи, АНЭУ, Израйль улсуудын дараа эхний тавд жагсаад байна.